Баг зүүсэн, зэвсэгтэй этгээдүүд Беларусийн нутгаас Латвийн нутаг дэвсгэр рүү хууль бус 20 цагаачийг нэвтрүүлэхийг завдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэр этгээдүүдийг Беларусь болон Оросын тагнуулын байгууллагуудын халхавч байж болзошгүй “Чёрные Русы” гэх бүлэглэлийнхэн гэж хэвлэлд мэдээлжээ.
Учир нь тэд өөрсдөө хэргээ хүлээхдээ энэ нэрийг хэлсэн байна. Хэрэг хүлээх үеэр тус бүлгийн нэг гишүүн цаашид НАТО-гийн нутаг дэвсгэрт дахин нэвтрэх ажиллагаа явуулна гэж мэдэгджээ.
Гэхдээ ачир дээрээ энэ хэргийг Латви өөрсдөө зохион байгуулсан гэж Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгдэв. Тэрбээр “Бид энэ хэрэгтэй огт холбоогүй. Хөрш улсын нутаг дэвсгэрт нэвтрэх ажиллагаа нь ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр явагдах боломжгүй. Миний зүгээс ийм юм зохион байгуулсан зүйл үгүй. Тиймээс ийм ажиллагаа болоогүй гэсэн үг. Латви Европын холбооноос санхүүжилт авахын тулд ийм юм зохиож байна” гэжээ.
“Чёрные Русы” бүлгийнхэн цахилгаан тоног төхөөрөмжийг эвдэж, хяналтын камеруудыг хулгайлаад Беларусийн нутаг дэвсгэр рүү буцсан аж.
Энэ хэргийн дараа Латвийн Төрийн аюулгүй байдлын алба энх тайван, үндэсний аюулгүй байдлын эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэх зорилготой гэмт хэргийн бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн байна.
Беларусийн цэргийн сэтгүүлч Дмитрий Халко “Чёрные Русы” бүлгийг 2014 онд Крымийг эзлэн авахад оролцсон дүрэмт хувцасгүй Оросын цэргүүдтэй адил “зууч” бүлэглэл гэж тодорхойлжээ. “Зууч” бүлэглэл гэдэг нь шаардлагатай үед тодорхой үйл явдал, хорлон сүйтгэх ажиллагааны хариуцлагыг тохох зорилготой бүлэглэл гэсэн үг аж.
