ХҮМҮҮС
ОХУ саяхан Төрийн думын гишүүн Яна Лантратоваг хүний эрхийн комиссараар томилсон. Түүнийг Оросын консерватив улс төрийн чиг хандлагыг ил тод дэмжигч гэдэг. Тиймдээ ч энэ томилгоо нь Путины үед тус улсад иргэний эрх, эрх чөлөөний байдал ямар түвшинд байгааг харуулсан гэж хүний эрхийн мэргэжилтнүүд үзэж байна. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Оросын хүний эрхийн нөхцөл байдалд тохирохгүй эргэлзээтэй томилгоо гэгдэж буй Яна Лантратоваг онцоллоо.
Яна Валерьевна Лантратова 1988 оны арванхоёрдугаар сарын 14-нд Ленинградад цэрэг аав, эмч ээжийн дундаас мэндэлжээ. Тэрбээр Санкт Петербургийн их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд олон улсын харилцааны чиглэлээр суралцаж, 2011 онд төгссөн. Дараа онд нь Баруун хойд нутгийн төрийн удирдлагын академийн Хуулийн тэнхимд суралцаж төгсжээ. Хожим нь 2019 онд Москвагийн улсын багшийн их сургуулийн Сэтгэл судлал ба сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийг төгссөн байна.
Тэрбээр 2006 онд Оросын Олон нийттэй харилцах оюутнуудын холбооны гишүүн болсон. Улмаар 2006-2007 онд “MTV”, “Muz-TV”, “5TV” зэрэг телевизэд ажиллаж байв.
2006 оноос хойш тэр залуучуудын “Stars Center” байгууллагыг удирдсан. Тус байгууллага нь хүүхдийн асрамжийн газар, эмнэлэг, дотуур байруудад урлагийн одуудтай хамтарсан буяны арга хэмжээ зохион байгуулж, авьяаслаг залуусыг дэмжих чиглэлээр ажилладаг байв. Мөн залуучуудыг поп, кино урлагийн алдартнуудтай холбож өгдөг байсан байна.
Нийгмийн идэвхтэй Лантратова 2000-аад оны сүүлээр Нэгдсэн Оросын намд элсэж байв. Дараа нь Санкт-Петербургийн хэт консерватив хууль тогтоогч Виталий Милоновын туслахаар ажилласан. Виталий Милонов нь ЛГБТ-ийн эсрэг хуулиудыг идэвхтэй дэмждэгээрээ алдартай нэгэн. Лантратова ч бас ЛГБТ суртал ухуулгыг хориглохыг дэмждэг гэдгээрээ танигдсан билээ.
Тухайн үед Лантратова хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн порнограф, педофилийн асуудлыг хянах төвийг удирдаж байжээ. Тус байгууллага нь нэгэн дотуур байрны өсвөр насны хүүхдүүдийг педофилийн ангуучлах ажиллагаанд ашигласан гэх хэрэгт холбогдон, нийгмийг цочроож байв. Гэвч Лантратова үүнийг үгүйсгэж, зөвхөн тусгайлан бэлтгэгдсэн сайн дурынхан л хууль хүчний байгууллагуудтай хамтран ажилласан гэж мэдэгджээ.
Одоо үргэлжилж буй дайны хугацаанд украин хүүхдүүдийг Орост хүчээр шилжүүлсэн гэх хэрэгт Лантратова мөн л нэр холбогдсон.
Херсоны эзлэгдсэн бүсээс хүүхдүүдийг шилжүүлэх ажиллагааг зохион байгуулахад тусалсан гэж Украины тал Лантратоваг буруутган, яллагдагчаар татсан. Тэрбээр АНУ болон Европын холбооны хоригт багтсан.

Лантратова 2016 оноос хойш хүний эрхийн комиссараар ажилласан Татьяна Москальковагийн халаагч авч буй. Татьяна Москалькова нь журмын дагуу дахин сонгогдох боломжгүй болсон бөгөөд түүнийг Кремльд ойр Шударга Орос нам нэр дэвшүүлж, эрх баригч Нэгдсэн Орос нам дэмжиж байв. Лантратова ч ялгаагүй яг энэ замналаар явсан.
Гэвч хүний эрхийн идэвхтнүүдийн үзэж буйгаар Лантратова нь Москальковагоос эрс өөр нэгэн. Түүнийг Оросын одоогийн улс төрийн тогтолцоонд бүрэн бүрэлдэн бий болсон, залуу карьер хөөгч нэгэн гэлцдэг.
Тэрбээр 2012–2018 онд тэр ОХУ-ын ерөнхийлөгчийн Хүний эрхийн зөвлөлд ажиллаж, Украин дахь хүний эрхийн асуудлыг хянах ажлын хэсэгт орж байжээ. Мөн 2021 онд “A Just Russia” намд элсэж, Төрийн Думын гишүүн болсон. Дараа нь Думын Боловсролын хорооны нэгдүгээр орлогч даргаар ажиллаж, улмаар Нийгэм ба шашны байгууллагуудын хороог удирдах болсон байна.
Лантратова томилогдсоныхоо дараа парламентын гишүүдэд хандан “Иргэний идэвхтэн, хүний эрхийн хамгаалагч, хууль тогтоогчоор ажиллах хугацаандаа би үргэлж тоо биш, бодит хүмүүсийн амьдралыг харж, ойлгохыг хичээж ирсэн. Миний гол үнэт зүйлс бол хүмүүсийг хайрлах, энэрэх, шударга ёс болон хууль дээдлэх ёс” гэж хэлжээ.

Тэрбээр Украины дайны эсрэг байр суурьтай санваартнуудыг дэмждэг байгууллагыг шүүмжилсэн гэх хэрэгт мөн холбогдож байв. Тухайн үедээ тэр “Шашин, итгэл үнэмшил нь дайны нөхцөлд хүмүүсийг цөхрөл, муу муухайгаас хамгаалах бамбай болсон” гэж өөрийгөө өмгөөлж байлаа.
Хүний эрхийн үндсэн үзэл баримтлалтай зөрчилдөхүйц түүний үг, үйлдэл үүгээр дуусахгүй. Тэрбээр 2025 онд улс төрийн шалтгаанаар ял авсан ч өөрсдөө эзгүй байгаа иргэдэд илүү хатуу хязгаарлалт тогтоох тухай, тэр дундаа дайны үеийн цензурын хуулийг зөрчсөн хүмүүсийг хамруулах хуулийн төслийг Оросын хууль тогтоогчидтой хамтран боловсруулжээ.
Мөн цагаачдын хүүхдүүдэд үнэ төлбөргүй боловсрол олгохыг хязгаарлахыг уриалж байсан.
Лантратоваг хүний эрхийн комиссараар томилсноор Орос дахь хүний эрхийн нөхцөл байдал сайжрахгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнийг Путины дэглэмийн төгс бүтээгдэхүүн гэдгийг мэргэжилтнүүд, шинжээчид дуу нэгтэйгээр хэлж буй юм.
Тухайлбал, хуульч Прохоров гэх хүн “ОХУ аль хэдийнэ Путины эрх мэдэл дор гүн суурьшсан тоталитар системд орсон. Ийм нөхцөлд хүний эрхийн байгууллагыг эрх чөлөөний баян бүрд болно гэж хүлээх нь утгагүй. Нөхцөл байдал улам дордоно гэж л харж байна” гэжээ. Зарим идэвхтний үзэж буйгаар Орост хүний эрхийн комиссарын албан тушаал сүүлийн жилүүдэд бэлгэдлийн шинж чанартай болсон аж. Хуульч Александра Мирошникова “Энэ бол төр засаг хүний эрх хариуцсан байгууллагатай гэдгээ харуулахын тулд байдаг нэр төдий албан тушаал. Тиймээс энэ томилгоо юу ч өөрчлөхгүй” гэж хэлжээ.







