БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн гол хэрэгжүүлэгч байгууллага болох KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газартай хамтран “Монгол Улсын гамшгийн үед хариу арга хэмжээ авах, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх нь (2025-2027)” хөтөлбөрийн 1 дэх жилийн сургалтын үр дүнг түгээн дэлгэрүүлэх “Мэдлэг түгээх семинар”-ыг зургаадугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Тус семинар цахим хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригад, нийслэлийн 6 дүүрэг, 21 аймгийн харьяа нэгжүүд болон холбогдох байгууллагын нийт 100 гаруй албан хаагч оролцов.
Энэхүү арга хэмжээ нь KOICA-ийн групп сургалтын хөтөлбөр болох “Монгол Улсын гамшгийн үед хариу арга хэмжээ авах, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх нь (2025–2027)” сургалтын 2025 оны төгсөгчид сургалтын явцад эзэмшсэн гамшгийн хариу арга хэмжээ, гал түймэр унтраах болон аврах ажиллагааны мэдлэг, туршлагаа харьяа байгууллага болон салбарын мэргэжилтнүүдтэй хуваалцах зорилгоор зохион байгуулагдсан юм.
Семинарт 2025 оны сургалтад хамрагдсан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх 09 дүгээр ангийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Х.Сумъяа, Үндэсний аврах бригадын сурталчилгаа, сургалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Чинболд нар илтгэгчээр оролцов. Тэд 2025 оны есдүгээр сарын 1-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан сургалтын үеэр судалж, эзэмшсэн мэдлэг дээрээ үндэслэн гамшгийн хариу арга хэмжээ болон яаралтай тусламжийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн сургалтын гол агуулга, түүнийг бодит нөхцөлд хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
Хошууч Х.Сумъяа KOICA-ийн сургалтын ерөнхий бүтэц, үндсэн агуулгыг танилцуулж, БНСУ-ын гамшгийн удирдлагын тогтолцоо болон яаралтай тусламжийн үйлчилгээний туршлага нь Монгол Улсын гамшгийн менежментийн чадавхыг бэхжүүлэхэд ямар ач холбогдолтой болохыг онцлов.
Ахлах дэслэгч Г.Чинболд аврах ажиллагааны сургалтын агуулгад төвлөрч, гамшгийн голомт дахь аврах ажиллагааны үе шат, аврагчдын үүрэг оролцоо, талбар дээрх хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах арга замуудын талаар мэдээлэл хүргэлээ.
Оролцогчид гамшгийн хариу арга хэмжээ болон яаралтай тусламжийн үйлчилгээ нь иргэдийн аюулгүй байдалтай шууд холбоотой чухал салбар гэдэгт санал нэгдэж, БНСУ-ын гамшгийн удирдлагын туршлага, аврах болон гал түймэр унтраах ажиллагааны сургалтын агуулгад өндөр сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээний чадавхыг сайжруулах, аврагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны тогтолцоог бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо.
KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар энэхүү семинар нь сургалтын үр дүнг Онцгой байдлын ерөнхий газрын нийт албан хаачдын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, мөн сургалтад хамрагдсан албан хаагчид эзэмшсэн мэдлэг, туршлагаа байгууллага болон ажлын байрандаа нэвтрүүлэхэд чухал түлхэц болсон гэж үнэлж байна.
KOICA нь цаашид Монгол Улсын гамшгийн хариу арга хэмжээ, яаралтай тусламжийн үйлчилгээ болон нийтийн аюулгүй байдлын салбарын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн өргөжүүлж ажиллахаар төлөвлөж байна.




