Ливан болон Израиль улс гуч гаруй жилийн дараа анх удаа дипломат хэлэлцээ хийсэн байна. Энэ нь Израиль болон Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн хоорондох мөргөлдөөнийг зогсоох зорилготой ховорхон тохиох уулзалт гэж тодорхойлогдож байна. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд хэлэлцээ нь Хезболлагийн нөлөөллийг дуусгах түүхэн боломж гэж үзэж буйгаа мэдэгдэв.
АНУ-ын мэдэгдэлд дурдсанаар талууд тодорхой цаг, газарт шууд хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцсон байсан. Харин Израиль улс хэлэлцээний үеэр Хезболлаг дурдалгүйгээр төрийн бус бүх террорист бүлгүүдийг зэвсэггүй болгохыг хүсч байна гэж мэдэгдсэн байжээ. Ливан улс мөн үеэр гал зогсоох, хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг уриалсан аж. Тус хоёр улсын хувьд ямар ч дипломат харилцаа тогтоож байгаагүй бөгөөд хамгийн сүүлд 1993 онд шууд, өндөр түвшний хэлэлцээ хийж байжээ. АНУ болон Израиль хамтарч Иранд цохилт өгснөөс хэдхэн хоногийн дараа буюу гуравдугаар сарын 2-нд Израилийн батлан хамгаалах хүчин Ливанд цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Үүнээс болж 2000 гаруй хүн амь үрэгдсэн юм.
Талууд Мягмар гаригт (2026.04.14) Вашингтонд хэлэлцээ хийх хооронд Хезболла бүлэглэл Ливан дахь Израилийн цэргүүдэд дор хаяж 24 удаа халдлага үйлджээ. Израиль улс Ливан дахь цэргийн ажиллагаагаа Хезболлаг зэвсэггүйжүүлэх, задлах зорилготой гэж мэдэгдэж байна.
Улмаар АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт хэлэлцээний дараа хийсэн мэдэгдэлдээ “Израиль, Ливан хоёулаа Хезболлагийн нөлөөг бууруулах чиглэлээр ажиллахаар тохиролцсон” гэв.
Ливаны тал мөн гал зогсоох, хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх, намжаах тодорхой арга хэмжээг улсад нь авахыг уриалсан гэж тэр нэмж хэлэв. Үүний зэрэгцээ АНУ Хезболлагийн халдлагаас өөрийгөө хамгаалах Израилийн эрхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж гэдгийг Пиготт хэлсэн. Харин Ливаны ерөнхийлөгч Жозеф Аун хэлэлцээний талаар хэлэхдээ, “Ерөнхийдөө Ливаны ард түмэн, ялангуяа өмнөд нутгийн хүмүүсийн зовлон шаналлын төгсгөлийн эхлэлийг тавина гэж найдаж байна” гэжээ.
Тэрбээр мөн мөргөлдөөний “цорын ганц шийдэл” нь Ливаны зэвсэгт хүчин “тухайн бүс нутгийн аюулгүй байдлыг дангаар хариуцах” явдал гэж онцолсон байна.
Гэсэн хэдий ч Ливаны засгийн газрын Хезболлатай тулж, эсэргүүцэх чадавх нь хязгаарлагдмал байна. Хэлэлцээний өмнө тус байгууллагын ахлах гишүүн AP мэдээллийн агентлагт Вашингтонд тохиролцсон аливаа тохиролцоог дагаж мөрдөхгүй гэж мэдэгджээ. “Бид тэдний тохиролцсон зүйлд захирагдахгүй” гэж Хезболлагийн улс төрийн зөвлөлийн гишүүн Вафик Сафа мэдэгдсэн аж. Хезболла 1982 онд байгуулагдсанаасаа хойш боловсронгуй зэвсэг ашиглан Ливаны шийтүүд амьдардаг өмнөд хэсэг болон Бейрутийн захын хорооллуудад асар их нөлөөтэй болсон. Энэ бүлэглэлтэй холбоотой улс төрчид засгийн газарт өндөр албан тушаал, тэр дундаа сайдын албан тушаалыг хашдаг