Иранд нэг өдөрт хоёр дэлбэрэлт боллоо

Ираны өмнөд хэсгийн Бандар Аббас боомтод Бямба гаригт /2026.01.31/ дэлбэрэлт болсны улмаас дор хаяж нэг хүн нас барж, 14 хүн шархдаад байна. Дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Уг дэлбэрэлт нь Хувьсгалт гвардын тэнгисийн цэргийн командлагчийг онилсон халдлага байсан гэж зарим хэвлэлд мэдээлж буй. Гэвч энэ нь ор үндэслэлгүй худал мэдээлэл гэдгийг “Tasnim” агентлаг мэдээлжээ.

Ираны хамгийн чухал боомтод тооцогддог Бандар Аббас нь Иран, Оманы хоорондох чухал усан зам болох Ормузын хоолойд байрладаг. Дэлхийн хэмжээнд далайгаар тээвэрлэдэг нийт газрын тосны тавны нэг нь тус усан замаар дамжин өнгөрдөг аж.

Үүний зэрэгцээ мөн өдөр Ирактай хиллэдэг Ахваз хотод газ дэлбэрч, дөрвөн хүн нас барсан хэрэг гарсан байна. Одоогоор энэ хэрэг дээр нэмэлт мэдээлэл гараагүй байна.

Бямба гаригт болсон дэлбэрэлтүүдэд Израиль оролцоогүй, хамааралгүй гэж Израилийн албаны эх сурвалжууд мэдээлжээ.

Пентагоны зүгээс энэ үйл явдлууд дээр ямар ч мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бүс нутагт томоохон хүчин байршуулж буйгаа нэгдүгээр сарын 22-нд мэдэгдсэн билээ. Тэрбээр Ираны аюулгүй байдлын хүчнийхнийг онилсон цохилт төлөвлөж байж магадгүйг зарим эх сурвалж мэдээлсэн юм.

Дашрамд дурдахад, АНУ, Израиль болон Европын удирдагчид Ираны эдийн засгийн асуудлыг ашиглаж үймээн самуун дэгдээн, ард олныг хувааж байна гэж Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Бямба гаригт мөн мэдэгдсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн