Их Британи: Жагсаж тэмцдэг оюутнуудыг тагнуулахаар хувийн фирм хөлсөлжээ

Их Британийн 12 их сургууль эсэргүүцэл илэрхийлэн жагсдаг оюутнууд болон эрдэм шинжилгээний ажилтнуудыг, тэр дундаа Палестинтай эв санааны нэгдэлтэйгээ илэрхийлдэг оюутнуудыг тагнуулахаар хувийн фирм хөлсөлжээ. “Horus” аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээний фирмийг цэргийн тагнуулын албаны албан тушаалтан асан ажиллуулдаг. Тагнуулын тэргүүлэх фирм гэж өөрсдийгөө тодорхойлсон тус байгууллага 2022 оноос хойш их сургуулиудаас 594 мянган ам.долларын төлбөр авчээ.

“Horus” компанийг 2006 онд Оксфордын их сургуулийн аюулгүй байдлын багийн төсөл болгон байгуулсан. Улмаар 2020 онд хурандаа Тим Коллинз тус компанийн захирал болсон бөгөөд компанийн нэрийн өмнөөс их сургуулийн аюулгүй байдлын багуудын хуралд олон удаа үг хэлсэн. Сүүлийн жилүүдэд барууны орнуудад Газын зурвасын дайныг эсэргүүцэгчдийн жагсаал илт нэмэгдэж буй нь Орос, Ираны зохион байгуулалттай хэвлэл мэдээллийн кампанит ажил гэж тэр тайлбарлажээ. Мөн ёс зүйгүй авир гаргадаг гадаадын жагсагчдыг Их Британиас албадан гаргахыг тэр уриалж байна.

Тагнуулын ажлаа явуулахдаа оюутнуудын олон нийтийн платформ дээрх хаягуудыг тандаж, нууц үнэлгээ хийдэг аж. Олон нийтийн платформ дээрх мэдээлэл нь нээлттэй эх сурвалжид тооцогдоно. Үүнээс гадна тус компани хиймэл оюун ашигладаг болоод буй.

Нээлттэй эх сурвалжийн мэдээлэл нэрийн дор оюутны мэдээллийг цуглуулж, шинжлэхэд хиймэл оюун ухааныг ашиглах нь хууль эрх зүйн хувьд асуудалтай гэдгийг НҮБ-ын энх тайван цугларалт, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний асуудал эрхэлсэн тусгай илтгэгч Жина Ромеро хэлжээ.

Харин “Horus” компани цахим хуудсандаа “Бид юу ч хийсэн хамгийн хатуу ёс зүйг баримталдаг бөгөөд ямар ч нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулсан бүрэн ил тод, хууль ёсны дагуу ажилладаг” гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн