Японд хүүхэд нь орой унтахгүй уйлаад байгаа ээжүүдэд зориулсан кафе нээгджээ

Японы Хоккайдо мужид хүүхэд нь орой унтахгүй уйлаад байгаа ээжүүдэд зориулсан кафе нээгджээ. Ээжүүдийн хамгийн их ганцаардаж, хэцүүддэг үеүдэд энэ кафе хоргодох газар болж байна.

Энэ санаа 10 гаруй жилийн өмнө цахим комик дээр анх гарчээ. Комикоос санаа авсан кафе амжилт олох эсэхэд эргэлзэж байсан ч олон ээж ирж байгааг хараад санаа амарсан гэж үүсгэн байгуулагч Мадока Нозава хэлсэн байна.

“Oyako no Koya” буюу “Эцэг эх, хүүхдийн кафе” нэртэй тус газар өнгөрсөн оны аравдугаар сараас үйл ажиллагаа эхлүүлсэн. Цагийн хуваарийн тухайд оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл ажилладаг. Кафед ээжүүд, хүүхдүүдэд санаа тавих сайн дурын эмэгтэй ажилтнууд бий. Тэр ажилтнууд хүүхэд харалцана, ээжийн асуудлыг сонсч өгнө. Мөн орчны тохижилтийн тухайд хүүхэд мөлхөх, унтах гудас, хөхүүлэх, живх солих өрөөг тусгайлан гаргаж өгчээ.

Мадока Нозавагийн анхны хүүхэд нялх багадаа шөнө муу унтдаг байсан тул энэ туршлага дээрээ тулгуурлан кафегаа нээсэн байна. Нөхөр нь өглөө ажилтай учраас тэрбээр хүүхдээ шөнөжин ганцаараа хариуцдаг байжээ. Тиймээс өөртэй нь ижил асуудалтай ээжүүдэд энэ кафе та ганцаараа биш гэх тайвшрал, уужралыг өгнө гэж тэр найдсан байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн