Японы ерөнхий сайд Санаэ Такаичиг долдугаар сард Турк улсад болох НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад урих хэрэгтэй тус улсын ерөнхий сайд асан Фүмио Кишида үзэж байна. Тэрбээр Пүрэв гаригт Токио хотноо НАТО-ийн төлөөлөгчидтэй уулзахдаа энэ асуудлыг дэвшүүлжээ. НАТО-ийн гишүүдтэй стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь улам л чухал болоод буйг тэр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хэлсэн байна.
Кишида бол 2022 оны зургадугаар сард НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон Японы анхны ерөнхий сайд. Энэ уулзалтын дараагийн жил нь Япон улс НАТО-той 16 салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байдаг. Үүнд, далай тэнгисийн аюулгүй байдал, сансар, кибер орон зай, худал мэдээлэлтэй тэмцэх хүчин чармайлт зэрэг багтжээ.
Токиод ирсэн НАТО-ийн төлөөлөгчид Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэгитэй мөн уулзжээ.
Норвегийн төлөөлөгч Анита Нергаард “Энэтхэг-Номхон далайн болон Евро-Атлантын аюулгүй байдал нь хоорондоо нягт холбоотой” гэж хэлээд Орос, Украины дайн, Ойрхи дорнодын мөргөлдөөнийг дурдсан байна.