Хулгайлагдсан ерөнхийлөгч

ХҮМҮҮС

АНУ-ын хүчин нэг шөнийн дотор Венесуэльд цохилт өгч, ерөнхийлөгчийг нь баривчлан, бүс нутгийн нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлээд байна. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог мансууруулах бодистой холбоотой хуйвалдаан, пулёмет болон устгах төхөөрөмж эзэмшсэн, энэ төрлийн хуйвалдаан зохион байгуулсан гэж АНУ буруутгасан. Нью-Йорк хотноо болсон шүүх хурлын эхний сонсголын үеэр өөрийгөө гэм зэмгүй хүн, дайны олзлогдогч гэж тодотгосон Николас Мадурог Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа онцолж байна.

Венесуэлийн ерөнхийлөгчөөр гурван ч удаа сонгогдсон Николас Мадуро 1962 оны арваннэгдүгээр сарын 23-нд нийслэл Каракаст эгэл ажилчин ангийн гэр бүлд төржээ. Түүний эцэг Николас Мадуро Гарсиа үйлдвэрчний эвлэлийн удирдагч байсан бөгөөд 1989 онд ослоор өөд болсон байна. Харин ээж Тереза де Жесус Морос нь Венесуэлийн хөрш Колумб улсад төрсөн. Мадуро дээрээ гурван эгчтэй.

Тэрбээр Эль Валле дахь Лицео Хосе Авалос ахлах сургуульд сурчээ. Суралцах хугацаандаа сурагчдын холбооны даргаар ажиллаж, идэвхтэй байсан гэдэг ч төгссөн гэх бүртгэл нь байдаггүй.

Тэрбээр хоёр удаа гэрлэж байжээ. Эхний гэрлэлтээсээ нэг хүүтэй бөгөөд Николас Мадуро Гэрра гэдэг. Хүү нь өнөөг хүртэл Ерөнхийлөгчийн тамгын газрын тусгай байцаагчдын газрын дарга, Үндэсний кино урлагийн сургуулийн захирал, Венесуэлийн үндэсний ассамблейн гишүүн зэргээр засаг төрийн олон чухал албан тушаал хашжээ.

Хулгайлагдсан ерөнхийлөгч

Image ref 70705541. Copyright Rex Shutterstock No reproduction without permission. Please see www.rexfeatures.com for more information.

Хулгайлагдсан ерөнхийлөгч

Хулгайлагдсан ерөнхийлөгч

Image ref 77861127. Copyright Rex Shutterstock No reproduction without permission. Please see www.rexfeatures.com for more information.

Хулгайлагдсан ерөнхийлөгч

Хулгайлагдсан ерөнхийлөгч

Хулгайлагдсан ерөнхийлөгч

Түүний хоёр дахь гэрлэлт бол өдгөө хамт баривчлагдаад буй Силиа Флорес. Хуульч, улстөрч Силиа нөхрөө ерөнхийлөгч болоход оронд нь Үндэсний ассамблейн ерөнхийлөгчөөр томилогджээ. Тэд Силиаг ерөнхийлөгч агсан Уго Чавесын хуульч байх үеэс буюу 1990-ээд оноос дотно харилцаатай байсан. Улмаар 2013 онд Мадурог ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хэдхэн сарын дараа гэрлэжээ. Тэд дундаасаа хүүхэдгүй ч гэлээ Силиагийн өмнөх гэрлэлтийн гурван хүүхэд бий.

Мадуро Жон Леннонд дуртай. Энэ нь зөвхөн Жон Ленноны уран бүтээлээр хязгаарлагдахгүй. Түүний улс төрийн идэвх, дайныг эсэргүүцдэг үзэл баримтлал нь Мадурод таалагддаг.

АВТОБУСНЫ ЖОЛООЧООС ДАРАНГУЙЛАГЧ ХҮРТЭЛХ ЗАМНАЛ 

Тэрбээр цэл залуу 24 насандаа коммунист Куба улсад нэг жилийн хугацаатай үзэл суртлын сургалтад хамрагдаж байжээ. Энэ нь түүний ахлах сургуулиасаа хойших цор ганц сурсан зүйл. Куба улсаас эргэж ирээд тэр автобусны жолооч болон үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулагчаар ажиллажээ.

Харин улс төрд хөл тавьсан нь ерөнхийлөгч агсан Уго Чавесыг дагасан, эхнэртэйгээ танилцсан тэр цаг үеэс эхтэй. Уго Чавес 1992 онд төрийн эргэлт хийхийг оролдоод бүтэлгүйтсэн тэр үед Мадуро түүнийг дагаж эхэлжээ. Дараа нь 1998 онд Уго Чавес ерөнхийлөгчөөр сонгогдон, газрын тосны баялаг болон улс төрийн эрх мэдлийг дахин хуваарилах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Мадуро үүнд нь тусалж байв.

Ингээд 2000 оноос тэр үндсэндээ “томорч” эхэлжээ. Он цагийн дарааллаар харуулбал, тэрбээр 2000 онд Венесуэлийн үндэсний ассамблейд сонгогдож, 2005 онд ерөнхийлөгч нь болсон. 2006 онд Венесуэлийн Гадаад хэргийн сайд, 2012 онд дэд ерөнхийлөгч гэсэн замналаар явсаар 2013 онд жинхэнэ эрх мэдэлд хүрсэн аж.

Хулгайлагдсан ерөнхийлөгч

Maduro 2013

Уго Чавес 2013 онд нас барснаар улс үндэстэнд асар их уй гашуу тохиосон бөгөөд Мадурод эх орноо эмх цэгцэд оруулах үүрэг оногдсон. Энэ үед Венесуэлийн эдийн засаг элгээрээ мөлхөж, инфляци даруй 130 мянган хувиас даван, талийж оджээ. Цаашилбал, 30 сая хүн ам зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний хомсдолд орж, газрын тосны үйлдвэрлэл эрс буурсан.

Мадуро анхны бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлмэгцээ АНУ-ын дипломатчдыг хөөн гаргаж, Чавесын үхэлд буруутгасан байна. Мөн дотоодын сөрөг хүчнийг улс орныг хуваах зорилготой фашистууд гэж нэрлэжээ.

Тухайн үеийн эмх замбараагүй байдал өрсөлдөгчдийнх нь хувьд өгөөш болсон. Үүний нэг илрэл бол Мадуро эрх мэдлийг гартаа аваад нэг жил ч болоогүй байхад түүнийг огцрохыг шаардсан жагсаал цуглаанууд дэгдэж эхэлсэн билээ. Мадуро аюулгүй байдлын хүчний тусламжтайгаар тухайн үедээ эсэргүүцлийг дарсан ч гэлээ хожим жагсаал цуглаан дахин идэвхжиж, олон хүний амь үрэгдсэн. Үүнээс болж 2018 онд Олон улсын эрүүгийн шүүх Мадурог мөрдөн шалгаж эхэлсэн юм.

Хэдийгээр адармаатай он жилүүд үргэлжилж байсан ч Мадуро 2018 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тус сонгуулийг будилаантай болсон гэж үздэг тул АНУ тэргүүтэй 50 гаруй улс түүнийг төрийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрөөгүй.

Хулгайлагдсан ерөнхийлөгч

Maduro 2018

АНУ-ын Төрийн департмент албан ёсны цахим хуудсандаа Мадурог Венесуэлийн өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн хар тамхины наймаа эрхэлдэг байгууллага “Санс Картел”-ыг удирдахад тусалдаг гэж бичжээ. Мөн түүнийг Венесуэльд эрх мэдлийг гартаа авахын тулд гадаадын террорист байгууллага болох Колумбын хувьсгалт зэвсэгт хүчинтэй хамтран терроризмын хуйвалдаанд оролцсон гэжээ.

Мадуро 2024 онд ээлжит маргаантай ялалтаа байгуулсан. Тухайн үед Эдмундо Гонзалес Уррутиа илүү олон санал авсан нь хангалттай их баримтаар нотлогдсон гэж АНУ-ын Төрийн департмент мөн л Мадурог буруушаасан билээ. Мадуро 2025 оны нэгдүгээр сард тангараг өргөхдөө “АНУ тангараг өргөх ёслолыг дэлхийн дайн болгож хувиргахыг оролдож байна” гэж хэлээд өөрийгөө Давид хаантай зүйрлэн өргөмжилсөн байдаг. Мөн “Намайг ард түмэн сонгосон болохоос АНУ ерөнхийлөгч болгоогүй, иймээс би ард түмэндээ бүтэн амьдрал, бие, сэтгэлээрээ өртэй” гэж хэлжээ.

Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш АНУ-тай арсалдсан Мадурог Трамп араа шүдэндээ зуусан.

АНУ Мадурог баривчлах болон яллахад хүргэх мэдээллийг 15 сая хүртэлх ам.доллараар анх үнэлж байсан бол Байден албан тушаалаас буухынхаа өмнөхөн мөнгөн дүнг 25 сая болгож нэмэгдүүлжээ. Ингээд хамгийн сүүлд 50 сая ам.доллар болж нэмэгдсэн байх үетэй зэрэгцэн дуулиант баривчилгаа болсон билээ.

Мадуро анх ерөнхийлөгч болсноосоо хойш л дарангуйлагч гэж буруутгагджээ. Гадаадын олон удирдагч, олон хэвлэл Венесуэль улсыг нэг хүний засаглалд ойртож байна гэж мэдэгдэж, анхааруулах болсон юм. Гэсэн ч Николас Мадуро бол венесуэльчүүдийн хувьд “Супер сахалт баатар”. Тус улсын суртал ухуулгын чанартай “Супер сахалт баатар” хүүхэлдэйн кинонд түүнийг дүрсэлсэн байдаг боловч өнөөдөр тэр баатар хямралд нэрвэгдсэн эх орон, ард түмнээ хэрхэн аврах нь тодорхойгүй болчихоод байна.

Хулгайлагдсан ерөнхийлөгч

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS, Al JAZEERA, WIKIPEDIA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн