Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер энэ онд Хятадад айлчилж буй дэлхийн удирдагчид, өндөр өндөр дээд албан тушаалтнуудын тасралтгүй урсгалыг үргэлжлүүлж байна. Тэрбээр энэ долоо хоногт Хятадад гурван өдөр айлчлах бөгөөд энэ үеэрээ Бээжин хотноо Гадаад хэргийн сайд Ван И, дэд дарга Хан Жэн нартай уулзахаар төлөвлөжээ. Үргэлжлүүлээд тэрбээр шинжлэх ухаан, технологийн төвлөрсөн хөтөлбөрт оролцохоор өмнөд нутгийн технологийн төв Шэньжэн хотыг зорих юм.
“Al Jazeera”-гийн тооцоолсноор, Купер энэ онд Хятадад айлчилсан 26 дахь гадаадын төрийн тэргүүн, эсвэл өндөр дээд албан тушаалтан болж байна.
Энэхүү жагсаалтад улс орнуудын ерөнхийлөгч, ерөнхий сайд, канцлер, угсаа залгамжлах ханхүү болон Гадаад хэргийн сайд нар багтжээ. Улсаар нэрлэвэл, Ирланд, Өмнөд Солонгос, Канад, Финланд, Их Британи, Уругвай, Герман, Туркменистан, Пакистан, Испани, Арабын нэгдсэн Эмират, Орос, Вьетнам, Мозамбик, Иран, Тажикистан, АНУ, Сейшелийн арлууд, Молдав, Сингапур, Серби, Бразил болон Лаосын удирдагчид энэ онд Хятадад айлчилсан байна. Бүс нутгаар ангилбал, Европын 10, Азийн найм, Ойрхи дорнодын хоёр, Африкийн хоёр, Хойд Америкийн хоёр, Латин Америкийн хоёр удирдагч Хятадтай харилцаагаа бэхжүүлэхээр иржээ.
Эндээс хамгийн онцлууштай айлчлалууд нь Канадын ерөнхий сайд Марк Карни, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер, Германы канцлер Фридрих Мерц, Испанийн ерөнхий сайд Педро Санчез, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нарынх байна.

Хятадын дарга Ши Жиньпин энэ жил гадаадын улсуудаар айлчлахын оронд эх орондоо хүндэт зочдыг хүлээн авч байгаа нь онцгой анхаарал татаж буй.
Олон улсын удирдагчид шинэ хөрөнгө оруулалтын боломж эрэлхийлэх, Хятадын зах зээлд нэвтрэх боломжоо нэмэгдүүлэх, эсвэл үйлдвэрлэл, технологи, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор иржээ. Зарим айлчлал нь Бээжингийн стратегийн чухал түнш гэж үздэг орнуудын удирдагчид, албан тушаалтнуудынх байсан бөгөөд үүнд Орос, Пакистан улсууд багтана. Нийтэд нь авч үзвэл, ихэнх улсын хувьд Хятад бол экспортын чухал зах зээл, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, дипломат түнш нь. Цаашилбал, Хятад бол нөлөөллөө улам бүр тэлж буй геополитикийн хүч.
Дээр дурдсанчлан айлчлалын гол урсгалыг Европын удирдагчид бүрдүүлэв. Жагсаалтад багтсан орнуудын бараг гуравны нэг нь Европын орон байна. Их Британи, Герман, Испани, Ирланд, Финландын хувьд Хятадтай худалдаа, аюулгүй байдал болон Оростой холбоотой санал зөрөлдөөнтэй улсууд. Гэсэн хэдий ч эдгээр хүчин зүйлийг үл харгалзан Бээжинтэй ойр хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгааг тэдний айлчлалууд харуулав.
НОГООН ХУРГАНЫ АРЬС, НОХОЙН БИТҮҮ ТУУРАЙНААС БУСДЫГ ҮЙЛДВЭРЛЭГЧ
Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, 2025 онд тус улсын гадаад худалдааны нийт хэмжээ 45 их наяд юаньд хүрч, шинэ дээд амжилт тогтоосон байна. Ингэснээр Хятад улс гадаад худалдааны хэмжээгээр дэлхийд тэргүүлэгч байр сууриа ес дэх жилдээ дараалан хадгалжээ.
Хятадын худалдааны ашиг буюу импорт, экспортын үнийн дүнгийн зөрүү өнгөрсөн оны сүүлээр анх удаа нэг их наяд ам.долларт хүрсэн. Энэ нь ёстой л ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг үйлдвэрлэдэг “дэлхийн үйлдвэр” гэсэн Хятадын байр суурийг илтгэх чухал үзүүлэлт болжээ.
Хятад улс худалдааны олон төрлийн түнштэй. Тэдгээрийн хамгийн том нь АНУ юм. АНУ, Хятад хоёр улс өнгөрсөн онд бүтэн жилийн турш бие биедээ харилцан өндөр тариф ногдуулсан ч гадаад худалдааных нь нийт хэмжээ 414.7 тэрбум ам.долларт хүрснийг АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын мэдээллээс харж болно.
Харин хоёр дахь том түнш нь Вьетнам. Эндээс харвал Хятадын Зүүн Өмнөд Ази дахь нийлүүлэлтийн сүлжээ эрчимтэй хөгжиж байгаа аж. Вьетнамын араас Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг удаалж байна.
Доорх хүснэгтэд 2024 оны өгөгдөлд үндэслэн Хятадын импорт, экспорт болон худалдааны тэнцлийг харуулжээ.

Хятад улс нэгэн үе цамц, гутал зэрэг хямд өртөгтэй үйлдвэрлэлд төвлөрч байв. Гэхдээ сүүлийн хэдэн 10 жилийн хугацаанд энэ чиг хандлага өөрчлөгдөж, цахилгаан автомашин, нарны зайн хавтан зэрэг өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эдийн засаг руу шилжсэн. Өнөөдөр Хятадын худалдааны салбарын хамгийн том бүтээгдэхүүн нь цахилгаан бараа болжээ. Тус улс зөвхөн 2024 онд л гэхэд нэг их наяд ам.доллараас давсан өртөг бүхий цахилгаан барааг дэлхий даяар экспортолжээ. Цаашилбал, машин механизм, нэхмэл эдлэл, металл бүтээгдэхүүн болон автомашин нь Хятадын экспортын гол бүтээгдэхүүнд тооцогдож байна.