Хятадын автомашин үйлдвэрлэгч “Seres” компани суултууртай тээврийн хэрэгслийн патент авчээ. Зорчигчийн суудлын доороос гулсан гарч ирэх суултуур нь хол замд явах, машиндаа удаан хугацаагаар байх үед хүний нэн тэргүүний хэрэгцээг хангах зорилготой аж. “Seres”-ийн инженерүүд дөрөвдүгээр сарын 10-нд патентын өргөдлөө гаргасан байна.
Хэдийгээр суултууртай тээврийн хэрэгслийн патентаа авч байгаа ч яг ийм машинаа үйлдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй.
Суултуурыг ашиглах үед гарах үнэрийг зайлуулах сэнс болон яндангаар тухайн машиныг тоноглосон байна гэж өргөдөлд дурджээ. Сүүлд нь гар аргаар бохирыг зайлуулна. Мөн хүний шингэн ялгадасыг ууршуулах, хатаах системтэй.
Тээврийн хэрэгсэл суултууртай байх нь маш ховор тохиолдол. Холын зайд үйлчилдэг автобусанд л суултуур байх нь бий.
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгчид өндөр өрсөлдөөнтэй зах зээлд бусдаасаа ялгарахын тулд массаж хийдэг суудал, караоке систем, хөргөгч зэрэг уламжлалт бус санаачилгуудыг гаргаад байна.