Норвеги хүүхдүүд эхээс мэндлэхдээ л хөлөндөө цанатай байдаг гэлтэй. Энэ удаагийн өвлийн олимпод тус улс таамаг ёсоор медалийн чанар, тоогоороо тэргүүлж байна. Ялангуяа эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөлд бүрэн ноёрхсоор дуусах шинжтэй.
183.5 см өндөртэй түүний богино зайн тэсрэлт, өгсүүр замд гаргаж буй хурд, хүч, уушиг, зүрхний ажиллагааг биширмээр.
Норвегийн энэ цаг үеийн шилдэг цанын тамирчин Йоханнес Хёсфлот Клебо олимпоос ес дэх алтан медалиа хүртсэнээр хамгийн агуу өвлийн олимпын тамирчин гэгдэх бололтой. Нутагт нь түүнтэй эн зэрэгцэх тамирчин үгүй.
Олимпоос найман алтан медаль хүртсэн түүхтэй гүйлтийн цанын Марит Бьорген, Бьорн Дэли, биатлоны Уле Эйнар Бьорндален нар түүнд зайгаа тавьж өгөв. Олимпын түүхэнд түүний дээр гагцхүү АНУ-ын усанд сэлэлтийн домогт тамирчин Майкл Фелпс л заларна.

Гэхдээ Клебогийн тэмцээн дуусаагүй. Тэрбээр дахин багийн богино зайн болон ганцаарчилсан 50 км зайн уралдаанд өрсөлдөх болно. Ингэхээр олимпын алтан медалийнхаа тоог 10, 11 болгох боломж бий.
Олимпын гүйлтийн цанын уралдаан ерөнхийдөө Скандинавын хэдхэн орны дундах тэмцээн мэт. Норвеги, Швед, Финландтай Альпын нурууг тойрсон Франц, Итали, Швейцарь тэргүүтэй улс л өрсөлдөх юм. Тэгэхээр газар зүйн онцлог өвлийн спорт хөгжихөд чухал аж.

“Хаан” Клебо энэ жил 30 нас хүрнэ. Тэрбээр багадаа хөлбөмбөгчин болох мөрөөдөлтэй байсан ч 16 насандаа болж чадахгүйгээ ойлголжээ. Түүний өвөө Коре Хёсфлот ач хүүгээ цанын шилдэг тамирчин болгохоор бэлдэж эхлэв.
Клебогийн анхны цаныг өвөө нь хоёр настай байхад нь бэлэглэж байжээ.
Энэ талаар Клебо “Намайг 10 настай байхаас эхлэн өвөө минь бэлтгэлээс ирж авдаг байсан. Хөлбөмбөг эсвэл гүйлтийн цанын бэлтгэл байх эсэх нь хамаагүй. Тэр намайг бэлтгэлээс авч, хүргэж өгдөг байсан. Хувцас, хэрэгслээр л дэмждэг байсан. Цанын шинэ гутал хэрэгтэй гэвэл Зул сарын баяраар бэлэглэдэг байлаа. Би түүнийг хэзээ дасгалжуулагч гэж дуудаж байгаагүй. Тэр анхнаасаа л миний өвөө байсан” гэв.
Өвөө нь хүүгийнхээ бэлтгэлийн төлөвлөгөөг нэг жилээр бус таван жилээр нь гаргаж, энэ хугацааны төгсгөлд дэлхийн аварга болно гэх зорилго тавьжээ. Коре Хёсфлот ачийнхаа бүх бэлтгэлийн төлөвлөгөөг гаргаж, тоон мэдээллүүд дээр нь шинжилгээ хийдэг.
Клебогийн амжилтын нууц нь гэр бүл нь. Өвөө нь дасгалжуулагчаар, аав нь менежерээр, ээж нь санхүүчээр, ах нь медиа менежерээр нь тус тус ажиллана. Үүгээр зогсохгүй эгч нь англи хэлний орчуулагчийг нь хийж, эмээ нь талхаа барина.
Клбео 15 насандаа олимпоос алтан медаль хүртэж, энэ амжилтыг үзүүлсэн хамгийн залуу цаначин болжээ.