COP17-гийн ногоон бүсийн гольф картын үйлчилгээ эрэлт ихтэй байна

Улаанбаатар //. COP17-гийн үеэр зочид, төлөөлөгчид, иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор цэнхэр, ногоон бүсэд гольф карт, тусгай тээврийн хэрэгслээр үйлчилж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны шинжээч Д.Сонин-Эрдэнэ COP17-гийн үеэр хэрэгжүүлж буй гольф карт үйлчилгээний багт ажиллаж, үйлчилгээний хэвийн ажиллагаанд хяналт тавин ажиллаж байгаа юм. Тэрбээр, “Энэхүү үйлчилгээ нь цэнхэр, ногоон бүс, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэсэн маршрутаар явж байна. Цэнхэр бүсийн маршрут нь гадаадын зочид, төлөөлөгчид болон хурлын оролцогчдыг тээвэрлэх зориулалттай, нэг талдаа 500 метр, хоёр талдаа нийт нэг километрийн зайтай тус маршрутад 15 тээврийн хэрэгсэл зорчигч, ачаа тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа. Харин ногоон бүсээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх маршрут нь нэг талдаа 2.7 километр, хоёр талдаа 5.4 километрийн урттай. Уг маршрутаар ногоон бүсийн нээлттэй үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй иргэдийг тээвэрлэж байна. Мөн гадна бүсэд 16 хүний суудалтай тусгай тээврийн хэрэгслүүд үйлчилж, иргэдийн эрэлт их байна. Гольф карт цахилгаанаар ажилладаг ба бүрэн цэнэглэсний дараа ойролцоогоор 1.5 цаг тасралтгүй ажиллах боломжтой. Иймээс зарим тээврийн хэрэгсэл түр зогсож байгаа нь эвдрэл, техникийн доголдол бус, цэнэглэлт хийж байгаатай холбоотой” гэв.

Харин Гольф карт үйлчилгээний цэнхэр бүсийн зохион байгуулагчаар ажиллаж буй Э.Тэмүүжин хэлэхдээ, “Үйлчилгээ түргэн шуурхай явж байгаа ч өглөө зочид ирэх, орой зочид тарах үеэр ачаалал бага зэрэг нэмэгддэг. Энэ үед ногоон, цэнхэр бүсийн аль алинд нь богино хугацааны хүлээлт үүсэх тохиолдол бий. Мөн гольф картын тоо хүрэлцээтэй хэдий ч зарим үед тухайн үеийн эрэлт хэрэгцээ тээврийн хэрэгслийн хүчин чадлаас давдаг тул тодорхой хэмжээнд хүлээлт үүсдэг. Үүнээс бусад үед техник, үйлчилгээний хувьд хэвийн ажиллаж, зочид, төлөөлөгчид сэтгэл хангалуун байгаа” гэв.

Түүнчлэн ажлын нөхцөл, амрах, хооллох цагийг харгалзан хөдөлмөрийн зохицуулалтын дагуу жолооч нарын тоог хангалттай бүрдүүлжээ. Ингэснээр жолооч нар ээлжээр ажиллаж, ногоон, цэнхэр бүсэд үйлчилгээг тасралтгүй хүргэх нөхцөл бүрдсэн байна.

Мөн COP17-гийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй сайн дурын залуучуудын бүлэг гольф карт үйлчилгээний багтай хамтран ажиллаж, үйлчилгээг тасалдуулахгүй, иргэдэд түргэн шуурхай хүргэхэд дэмжлэг үзүүлж байгаа аж.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэлх ногоон бүсэд ачаалалтай байгаа нь  иргэд COP17-гийн үйл ажиллагаатай танилцах, зөвшөөрсөн бүсэд нэвтэрч мэдээлэл авах сонирхол их байгаа юм. Тухайлбал, өглөөний 09:00-10:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс COP17-гийн талбай руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг бол буцах хөдөлгөөн 16:00-19:00 цагийн хооронд ачаалал их байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн