COP17-гийн бэлтгэлийн явцын талаар Нью-Йорк дахь НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдөд мэдээлэл хийв

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Төв байранд энэ сарын 17-нд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийн явцын талаар Нью-Йорк дахь НҮБ-ын гишүүн улс орнуудын төлөөлөгчдөд мэдээлэл өгөв.

Байнгын төлөөлөгч нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол Улс тус бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь нэр төрийн хэрэг төдийгүй хариуцлагатай үүрэг болохыг тэмдэглээд, нүүдлийн мал аж ахуйн баялаг уламжлалтай, далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд газрын доройтол, ган, уур амьсгалын өөрчлөлт нь иргэдийн амьжиргаа, хүнсний аюулгүй байдал болон хөдөө орон нутгийн иргэдэд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг онцлов.

Талуудын 17 дугаар бага хурлаар газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, санхүүжилт, шинжлэх ухаан ба бодлогын уялдаа, түүнчлэн эмэгтэйчүүд, залуучууд, уугуул иргэд, малчид болон орон нутгийн иргэдийн оролцоотой холбоотой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байгааг танилцуулав.

Үүний зэрэгцээ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад видео мэндчилгээ дэвшүүлж, бага хурлын зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн болон олон улсын оролцооны талаар мэдээлэл өгсөн юм. Мөн НҮБ-ын Байгаль орны хөтөлбөрийн Нью-Йорк дахь захирал Жамил Ахмад оролцож, мэдээлэл хийв.

Мэдээллийн үеэр COP17-ын бэлтгэл ажил, хүлээгдэж буй үр дүн, ложистик зэргийг дэлгэрэнгүй танилцуулж, гишүүн орнуудын сонирхсон асуултад хариулт өгч, санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн