COP17 бага хурлын талаар Байнгын төлөөлөгч, Элчин сайд нарт мэдээлэл өгөв

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Улаанбаатар хотноо энэ сарын 11-нд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талаар Байнгын төлөөлөгч, Элчин сайд нарт мэдээлэл өгөв.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа нээлтийн үг хэлэв. Тэрбээр Монгол Улс тус бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь байгаль орчны олон талт хамтын ажиллагаанд оруулж буй чухал хувь нэмэр төдийгүй цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд өртөмтгий улс орнуудын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх, нийтлэг сорилт, шийдлийг хэлэлцэх боломжийг бүрдүүлж буйн илрэл болохыг тэмдэглэв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад бага хурлын зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн болон олон улсын оролцооны талаар танилцуулав. Тэрбээр Улаанбаатар хотноо болох бага хурал нь газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлийг бууруулах, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хэрэгжилтийн уялдааг сайжруулах чиглэлээр улс орнуудын хамтын шийдлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг урагшлуулах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит түлхэц үзүүлэхийг онцлон тэмдэглэв. Мэдээллийн үеэр оролцогчид бага хурлын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-нд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриа дор болох юм.

COP17 бага хурлын талаар Байнгын төлөөлөгч, Элчин сайд нарт мэдээлэл өгөв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн