Дэлхийн уур амьсгал, тогтвортой хөгжил, нийгмийн өөрчлөлтийн төлөөх Олон улсын хамгийн том, нөлөө бүхий “CHANGENOW-2026” чуулган Парис хотноо гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 1-нд болж байна.
Эдгээр өдрүүдэд дэлхийн улс орнууд “Өөрчлөлтийг хийж, тогтвортой ногоон ирээдүйг бүтээе” уриан дор чуулж байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, түншлэлийн хүрээг тэлэх, харилцан ашигтай санал, шийдлүүлээ танилцуулах зорилготой юм.
Уг чуулга уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир панелистаар оролцож, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Монгол Улсаас дэвшүүлж буй “Steppe Agenda” буюу Бэлчээрийн тэргүүлэх санаачилга болон түүний хүрээнд олон улсад урт хугацаанд хэрэгжүүлэх гурван үндсэн төслийг танилцуулав.
Тэрбээр цэвэр, сэргээгдэх эрчим хүч, биологийн олон янз байдлыг хамгаалах холбоод, байгаль хамгааллын олон улсын байгууллагууд, инновац хөгжүүлэгч старт-апууд, олон улсын аудит, үнэлгээний байгууллагуудтай уулзаж, олон улс цөлжилт, газрын доройтлын асуудалд улам бүр анхаарал хандуулж, төвлөрөх цаг болсныг онцолсон илтгэл тавилаа гэж БОУАӨЯ мэдээлэв.

