БНСУ-ын фермерүүд Бразилаас үхрийн мах импортлох төлөвлөгөөг эсэргүүцэв

БНСУ-ын фермерүүд ерөнхийлөгч Ли Жэ Мёны Бразилаас үхрийн мах импортлох санаачилгыг эсэргүүцэж, энэ нь дотоодын ханву үхрийн махны салбарт сөргөөр нөлөөлнө гэж мэдэгдлээ.

Сөүл хотод төвтэй Ханву малчдын холбоо Пүрэв гаригт (2026.07.30) мэдэгдэл гаргаж, засгийн газар Бразилаас үхрийн мах импортлохын өмнө дотоодын малчдад үзүүлэх нөлөөллийг хангалттай үнэлээгүй гэж шүүмжилжээ.

Тус улсын ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ долоо хоногт Бразилын ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силватай уулзсаны дараа наймдугаар сард Бразил руу эрүүл ахуй, хорио цээрийн шинжээчдийг илгээж, үхрийн махны үйлдвэрлэлийн нөхцөлтэй танилцахаар болсон юм. Энэхүү үнэлгээний дараа Бразилын үхрийн мах импортлох эсэхийг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Холбооны зүгээс Бразилаас мах импортлогдвол зөвхөн тус улсаар хязгаарлагдахгүй, цаашид Меркосурын гишүүн Аргентин, Уругвай, Парагвай зэрэг орнууд ч БНСУ-ын зах зээлд нэвтрэхийг шаардах эрсдэлтэй гэж анхааруулсан байна.

Мөн Бразилын үхрийн мах орж ирснээр импортын махны үнийн өрсөлдөөн эрчимжиж, үйлдвэрлэлийн зардал өсөөд байгаа ханву үхэр өсгөдөг аж ахуй эрхлэгчдийн орлого буурч, санхүүгийн хүндрэл улам нэмэгдэнэ гэж үзжээ.

Түүнчлэн БНСУ АНУ-ын үхрийн маханд ногдуулж байсан гаалийн татварыг бүрэн цуцалсан бөгөөд Австралийн махны татварыг 2028 он, Канад болон Шинэ Зеландынхыг 2029 он гэхэд бүрэн хална. Ийм нөхцөлд Бразилийн махны импортыг зөвшөөрвөл дотоодын ханву салбар урьд өмнө байгаагүй дарамтад орно гэж Ханву малчдын холбоо мэдэгдэв.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн