AZAL-ын онгоцны осолтой холбоотой маргааныг эцэслэжээ

 2024 оны 12 дугаар сард Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем Азербайжаны “AZAL” агаарын тээврийн компанийн онгоц руу гал нээсний улмаас Актау хотын ойролцоо гарсан ослын хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгох асуудлаар Орос, Азербайжан улсууд тохиролцоонд хүрсэн байна.

Хоёр улсын Гадаад хэргийн яамнаас лхагва гарагт хамтарсан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг гаргахдаа 2025 оны 10 дугаар сарын 9-нд Душанбе хотод болсон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нарын уулзалтын үеэр хүрсэн тохиролцоонд үндэслэсэн байна. Нөхөн төлбөрийн хэмжээ болон нөхцөлийг баримт бичигт нууцалсан байна.

Баку – Грозный чиглэлд нислэг үйлдэж байсан “Embraer 190” онгоц 2024 оны 12 дугаар сарын 25-нд Казахстаны Актау хотын ойролцоо осолдсон юм. Онгоцонд явсан 67 хүний 38 нь амиа алджээ. Оросын тал эхэндээ агаарын довтолгооноос хамгаалах систем нь уг осолд холбоотой холбохыг үгүйсгэж, уг онгоцыг шувуутай мөргөлдсөн гэж “Росавиация”-гаас мэдэгдэж байв. Гэвч онгоцны сэгнээс зенитийн пуужингийн хэлтэрхий илэрсэн байна.

2024 оны 12 дугаар сарын 28-нд В.Путин И.Алиев руу утасдаж, осол “Оросын агаарын орон зайд” болсонд хүлцэл өчсөн боловч агаарын довтолгооноос хамгаалах системийн талаар дурдаагүй байна. Үүний дараа И.Алиев Москваг үнэнийг нуун дарагдуулахыг оролдсон гэж буруутгаж, буруугаа хүлээх, буруутнуудыг шийтгэх, нөхөн төлбөр олгохыг шаарджээ.

Душанбед болсон уулзалтын үеэр В.Путин осол болоход “Украины нисгэгчгүй онгоц” нисэж өнгөрсөн, агаарын довтолгооноос хамгаалах системийн “техникийн доголдол” нөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээр, хоёр пуужин онгоцны ойролцоо хэдхэн метрийн зайд дэлбэрсэн бөгөөд онгоцыг шууд оноогүй байна.

Гэсэн хэдий ч ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй байна. 2025 оны 12 дугаар сард ОХУ-ын Мөрдөн байцаах хороо гэм буруутнуудад хариуцлага тооцолгүйгээр эрүүгийн хэргийг хаасан бөгөөд тухайн үед Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов үүнийг хатуу шүүмжилж байв.

Хоёр улсын ГХЯ-ны хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, одоогийн хүрсэн тохиролцоо нь “холбоотны харилцааны хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх хоёр талын эрмэлзлийг бататгаж байна” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн