Сирийн иргэний дайны үеэр тус улсын ерөнхийлөгч асан Башар Аль Ассадын засаг захиргааны албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргийг хууль ёсны дагуу шүүх түүхэн шүүх хурал болж байна. Эл хүрээнд Ассадын үеэлийг хүний амь насыг хөнөөсөн, тамлан зовоосон, хядлага зохион байгуулсан зэрэг 10 гаруй гэмт хэрэгт буруутгагдаж, хариуцлага хүлээх болжээ.
Тодруулбал, Сирийн өмнөд хэсгийн Дераа мужийн улс төрийн аюулгүй байдлын албаны дарга байсан Атеф Нажиб Ням гаригт /2026.05.10/ Дамаскийн Дөрөвдүгээр эрүүгийн шүүхэд шоронгийн дүрэмт хувцастайгаар шүүх хуралд оролцов.
Түүнийг 2011 оны бослогын үеэр Дераа хотод болсон засгийн газрын эсрэг жагсаж байсан иргэдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх ажиллагааг удирдсан гэж буруутгаж байна. Тухайн бослого нь Сирид 14 жилийн иргэний дайныг өдөөсөн юм. Мөн сургуулийн ханан дээр засгийн газрын эсрэг граффити зурсан өсвөр насныхныг баривчилж, тамлан зовоох үед Нажиб Дераагийн улс төрийн аюулгүй байдлыг хянаж байсан. Энэ хэрэг нь өргөн хүрээтэй бослогын хурдасгуур болсон юм. Дотоод хэргийн яамны Ерөнхий аюулгүй байдлын хүчнийхэн 2025 оны нэгдүгээр сард Латакиа мужид явуулсан ажиллагааны үеэр Нажибыг баривчилсан.
Эх сурвалжийн мэдээлснээр, 75 нэхэмжлэгч Нажибийн эсрэг хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхэд мэдүүлэг өгөх төлөвтэй байна.
Шүүх хуралд хохирогчдын хамаатан садан, Үндэсний шилжилтийн шударга ёсны комиссын гишүүд болон олон улсын хууль эрх зүй, хүмүүнлэгийн байгууллагуудын төлөөлөгч нар оролцсон байна. Нэг цаг орчим үргэлжилсэн нээлттэй хуралдааны дараа шүүх зарим гэрчийг хамгаалах зорилгоор хаалттай хуралдаанд оржээ. Энэхүү үйл явц нь Ассадын үеийн албан тушаалтнуудыг шүүхийн өмнө авчрах томоохон ажлын нэг хэсэг юм. Мөн Ассадын ах болох Сирийн цэргийн дөрөвдүгээр хуягт дивизийн командлагч асан Махерыг гадуур шүүж байна. Ассад 2024 оны арванхоёрдугаар сард Орос руу зугтсан бөгөөд түүний ойрын хүрээллийн ихэнх гишүүд мөн Сириэс зугтсан байна.
Сирийн түр засгийн газар болон ерөнхийлөгч Ахмед аль-Шараа хагас сая орчим хүн амиа алдсан дайны дараа шударга ёсыг тогтооно гэж амласан байдаг. Гэвч тодорхой саатлын улмаас Шараагийн засгийн газар шүүмжлэлд өртөөд байв. Тиймээс эрх баригчид Ассадын үеийн албан тушаалтнуудыг шүүхийн тулд илүү идэвхтэй алхам хийж эхлээд байна.