“Admiral” хэрхэн спорт хувцасны ертөнцийг өөрчилсөн бэ?

Клубын өмсгөлийг энгийн хувцаснаас загвар, маркетинг, багийн үнэт зүйлсийн бэлгэдэл болгон хувиргасан домогт брэндийн түүхийг та бүхэнд хүргэе.

Эхлэл

Admiral-ийн түүх 1914 онд Английн Лэйстер хотод, Cook & Hurst үйлдвэрийн цехэд эхэлжээ. Тэнд цэргийн зориулалттай дотуур хувцас, оймс үйлдвэрлэдэг байсан юм. Дэлхий нийтээрээ нэгдүгээр дайнд автсан тэр үед компани Royal Navy-аас их хэмжээний захиалга авчээ. Ингэж тэнгисийн цэргийн хамгийн өндөр цол болох “Admiral”-ын нэрээр брэндээ нэрлэсэн аж.

Цаг хугацаа өнгөрөхөд үйлдвэр бүтээгдэхүүний нэр төрлөө тэлж, спортын болон хүүхэд, насанд хүрэгчдийн усны хувцас үйлдвэрлэж эхэлжээ. Royal Navy нь Admiral-ийн хамгийн том захиалагч хэвээр байсан бөгөөд брэнд чанар, тав тух, энгийн байдлыг эрхэмлэн, хувцас нь үүргээ төгс биелүүлэхэд чиглэж байв.

Admiral спортын салбарт нэвтэрсэн нь

1956 онд Берт Патрик компанийн шинэ эзэн болжээ. Тэр зах зээл өөрчлөгдөж байгааг ойлгож, шинэчлэл хийх шаардлагатайг мэдэрсэн байна. Юуны өмнө логог өөрчилсөн. Хатуу төрхтэй адмиралын толгойн дүрсийг адмиралын мөрдэснээс санаа авсан минималист судалтай загвараар сольжээ. Энэ нь компанийн шинэ эрин эхэлж буй дохио байв.

1960-аад оны эхээр Берт Патрик түүхэн шийдвэр гаргаж, Admiral хөлбөмбөгийн зах зээлд нэвтрэв. Тухайн үед хөлбөмбөгийн өмсгөлүүд энгийн, бараг брэндгүй байсан ч тэр үүнийг зах зээлд борлуулах боломжтой бүтээгдэхүүн гэж харсан юм.

Анхны том амжилт 1965 онд иржээ. Admiral богино ханцуй, захтай, хөнгөн жинтэй өмсгөл бүтээв. Лэйстер Сити болон Английн шигшээ багийн хаалгач Гордон Банкс шинэ өмсгөлийн чанарыг магтаж, улмаар 1966 оны ДАШТ-д түрүүлж байв.

Жинхэнэ эргэлтийн цэг нь 1973 онд Лийдс Юнайтедтай байгуулсан хамтын ажиллагаа байлаа. Английн хөлбөмбөгийн түүхэнд анх удаа клубын өмсгөлийн албан ёсны, брэндтэй хуулбаруудыг олноор худалдаанд гаргасан юм. Ингэснээр өмсгөл зүгээр нэг даавуу байхаа больж, мөрөөдөл, үнэнч байдлын бэлгэдэл болж хувирсан. Клубын өмсгөл цуглуулах уламжлал ч энэ үеэс эхэлжээ.

Телевизийн эрин ба брэндийн өсөлт

Өнгөт телевиз нэвтэрснээр Admiral-ийн хөгжилд томоохон түлхэц болов. Компани багуудад тод, анхаарал татахуйц загварууд бүтээж, фэнүүдийн сонирхлыг нэмэгдүүлэн, борлуулалтыг өсгөжээ. Дараа нь Admiral Английн томоохон клубуудтай хамтран ажилласан. Үүнд:

  • Манчестер Юнайтед
  • Вест Хэм Юнайтед
  • Тоттенхэм Хотспур
  • Ковентри Сити

Admiral нь өмсгөл дээр өөрийн логог байрлуулах санааг анх гаргасан брэнд гэдгээрээ алдартай.

Шинэ зах зээл рүү тэлэх нь

Дотоодын амжилтын дараа Admiral Европын зах зээлд нэвтэрч, Шотланд, Герман, Итали, Швед, Югославын клубуудад өмсгөл нийлүүлж байв. Үүнд:

  • Aбирдин
  • Айнтрахт Франкфурт
  • Црвена Звезда
  • Болонья
  • Монца
  • Мальмо

Харин Испанийн аваргууд болох Реал Мадрид болон Барселона Admiral-ийн өмсгөл өмсөж байгаагүй.Мөн Admiral Уэльс, Бельги, Саудын Арабын шигшээ багуудад өмсгөл нийлүүлж байв.

Тэлэлт үүгээр зогсоогүй. Тус компани крикетийн багийн хувцас үйлдвэрлэлд ч амжилт гаргасан. Жишээлбэл, 2003 оны крикетийн ДАШТ-д 14 багаас 4 нь Admiral-ийн өмсгөлтэй оролцож байв.

Өнөөдөр Admiral-ийн өмсгөлүүд ховорхон харагддаг ч тэд түүхэнд мөнхөрч, бидний хайртай спортыг үүрд өөрчилсөн билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн