Ойрхи Дорнодод өрнөж буй мөргөлдөөн дөрөв дэх долоо хоногтоо орж, АНУ болон Иран улс бие биенийхээ чухал дэд бүтцэд цохилт өгөхөөр заналхийлж байна. Энэ нь бүс нутгийн аюулгүй байдал, дэлхийн эдийн засагт ноцтой эрсдэл учруулж байна. Дональд Трампын Иран дахь цахилгаан станцуудыг онилох тухай мэдэгдлийн дараа тус улсын удирдлагууд мэдэгдэл гаргаж, АНУ довтолгоо хийвэл Ормузын хоолойг бүрэн хаана гэж анхаарууллаа.
Трамп Иранд уг хоолойг нээх 48 цагийн хугацаа өгсөн юм.
Энэ хооронд Израилийн ерөнхий сайд Беньяман Нетаньяху тэргүүтэй удирдлагууд Ираны пуужингийн цохилтод өртсөн өмнөд бүсийн нэгэн сууринд очжээ. Олон хүн шархадсан ч амь үрэгдсэн хүн байхгүйг Нетаньяху “гайхамшиг” хэмээн тодорхойлсон байна. Мөн Израиль улс Ираны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг сулруулах зэрэг зорилгодоо хүрэх шатандаа явж байна гэж тэрбээр мэдэгдсэн байна. Гэвч мөргөлдөөн намжих, эсвэл Иранд дотоод бослого өрнөх шинж тэмдэг харагдахгүй байна.
Одоогийн байдлаар уг мөргөлдөөний улмаас 2000 гаруй хүн амь үрэгдээд байна. Мөн дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, газрын тосны үнэ өсөж, олон улсын нислэгийн гол чиглэлүүдэд эрсдэл үүсчээ. Мөргөлдөөн бүс нутгийн бусад хэсэгт ч тархаж байна. Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэл Израилийн хойд хэсэгт агаараас цохилт өгч, нэг хүний аминд хүрсэн гэж мэдэгдсэн.
Харин Ливаны ерөнхийлөгч Жозеф Аун мэдэгдэхдээ, Израиль дэд бүтцэд цохилт өгч байгаа нь хуурай замын довтолгооны эхлэл байж болзошгүй гэж анхааруулжээ.
Иран улс Персийн буланг дэлхийтэй холбодог Ормузын хоолойг бараг хаасан бөгөөд дайсны орнуудаас бусад улсын хөлөг онгоцонд нэвтрэх боломж олгож байна гэж мэдэгдсэн. Гэвч халдлагын улмаас нефть тээвэрлэгч хөлөг онгоцны хөдөлгөөн бараг бүрэн зогссон байна. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь энэ хоолойгоор дамждаг. Трамп хэрэв Иран хоолойг нээхгүй бол тэдний цахилгаан станцуудыг устгана гэж заналхийлсэн. АНУ Ираны эрчим хүчний дэд бүтэц нь цэргийн ажиллагаанд ашиглагдаж байна гэж үзэж байгаа юм. Үүний хариуд Ираны тал хэрэв халдвал бүс нутгийн эрчим хүч, ундны усны байгууламж зэрэг чухал объектуудыг онилно гэж мэдэгдэж байна.
Мөн АНУ-ын цэргийн төсвийг санхүүжүүлдэг улс орнууд ч бай болж магадгүй гэж анхааруулжээ.
Ираны НҮБ дахь төлөөлөгч иргэний зориулалттай дэд бүтцэд халдах нь дайны гэмт хэрэг болно гэж мэдэгдсэн байна. Нөхцөл байдал одоогоор маш хурц хэвээр байгаа бөгөөд мөргөлдөөн цаашид хэдэн долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна.