Дэлхийн усны өдрийг өнөөдөр “Ус ба тэгш эрх” уриан дор тэмдэглэж байна.
Ундны усаар хангагдах нь хүний эрхийн наад захын хэрэгцээ хэдий ч олон оронд үүнийг бүрэн хангаж чаддаггүй. Үүний улмаас хүйсийн тэгш бус байдал гүнзгийрч, усны хомсдол, хямралын сөрөг нөлөө охид, эмэгтэйчүүдэд илүү нөлөөлж, тэд ахуйн усны хэрэгцээг хангах ачааны ихэнхийг үүрсээр байгаа.
Дэлхийн усны өдрийн талаар Усны газрын дарга З.Батбаяраас тодруулахад, гэр хороолол болон орон сууцны иргэд, хот хөдөөгийн усны хэрэглээний ялгаа, бүс нутгийн усны тэгш хуваарилалтын асуудлыг усны өдрөөр онцолж байгааг дурдаад, “Ус бол хүн төрөлхтний амьд байх, амьдрах чанар, хөгжлийн үндэс. Монголд дуртай үедээ хүссэн газраа усанд ордог амьдралыг бий болгох хэрэгцээ байгаа бол бүс нутгийн хооронд усны жигд хуваарилалт бий болгох гэсэн зүйл дээр төвлөрч усны өдрийг тэмдэглэж байна. Улс орнууд усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгож байж амьдралын чанар сайжирч, хөгжил дэвшилд хүрнэ” хэмээсэн юм.

НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурал (UNCED)-ын үеэр 1992 онд дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг анх дэвшүүлжээ. Цэвэр усаар гачигдлаас гарах, цэвэр усны нөөцийг нэмэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас1993 оны гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын уриалгыг дэмжиж, 2005 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдрийн гол зорилго унд, ахуйн ус болон усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийт, нийгмийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм.
Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгдэж, усны нөөц багатай орны тоонд багтдаг. Бид хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Газрын доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, хэдэн зуун жилээр нөхөн сэргээгддэг ажээ.