Куба улс дахин орон даяар тоггүй болсноо мэдэгдэв

Кубын Эрчим хүчний яам Бямба гаригийн /2026.03.21/ орой орон даяар цахилгаан тасарч, 10 сая гаруй хүн цахилгаангүй болсон гэж мэдэгдэв. Тус яам “Х” хуудаснаа “Үндэсний цахилгааны систем бүрэн тасарсан. Сэргээн засварлах протоколууд аль хэдийн хэрэгжиж эхэлж байна” гэж мэдэгджээ.

АНУ энэ оны эхээр Венесуэлийн түлшний нийлүүлэлтийг хааж эхэлснээс хойш Даваа гаригт /2026.03.16/ Куба улс анх удаа улс даяар цахилгаан эрчим хүчний сүлжээний уналтад орсон юм. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа дахин улс даяар тог, цахилгаангүй болж байна. Өчигдөр Кубын ерөнхийлөгч Мигель Диаз-Канел арал дээр хүмүүнлэгийн тусламж авчирч буй олон улсын идэвхтнүүдэд хандан үг хэлэхдээ түүний засгийн газар “Кубад халдлага гарч болзошгүй” гэдгийг хүлээн зөвшөөрч, бэлтгэлээ базааж байгаагаа мэдэгдэв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн хэдэн долоо хоногт Кубын талаар байнга ярьж, эрх баригч коммунист засгийн газар нь удахгүй нуран унана гэж таамаглаж байсан. Мөн энэ долоо хоногийн Даваа гаригт мөн арлыг “хүндэтгэлтэйгээр эзлэн авах” талаар хошигносон байна. “Би амьдралынхаа туршид АНУ, Кубын талаар сонсож ирсэн, АНУ хэзээ Кубыг эзлэх хүндэтгэлтэй ажлыг авах вэ? Энэ бол маш том хүндэтгэл шүү дээ” гэж Трамп хэлсэн байжээ.

Тэрбээр мөн “Кубыг ямар нэгэн хэлбэрээр авахыг хүсвэл би чадна.Чөлөөлж эсвэл эзлэхийг аль алийг нь чадна” гэж онцолсон байна. Өнгөрсөн долоо хоногт Диас-Канел улс даяар хийсэн мэдэгдэлдээ Куба улс АНУ-тай түлшний хоригийг цуцлах хэлэлцээний талаар ярилцаж байгааг баталгаажуулжээ. Гэхдээ Кубын засгийн газар улс төрийн тогтолцооныхоо талаар хэлэлцээ хийх бодолгүй байгаагаа онцлон тэмдэглэсэн юм. Фидель Кастро тэргүүтэй Кубын хувьсгалчид 1959 онд Фульхенсио Батистагийн дэглэмийг түлхэн унагаснаас хойш тус улс АНУ-ын хатуу эдийн засгийн хоригт орсон байдаг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн