Венесуэлийн түр удирдагч шалгагдах ёстой хүнийг шагнав

Венесуэлийн түр удирдагч Делси Родригез Батлан хамгаалахын шинэ сайд томилсноосоо нэг өдрийн дараа цэргийн ахлах командлагчдыг мөн солив. Шинэ томилгоонууд Венесуэлийн бүрэн эрхт байдал, энх тайван, тогтвортой байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулна гэж тэр хэлжээ.

Трампын Венесуэль ажиллагаанаас хойш түр удирдагч Делси Родригез Мадурогийн арга барилаас зайлсхийж, Вашингтонтой нягт хамтран ажиллах болсон. Хоёр улс энэ сарын эхээр дипломат харилцаагаа сэргээсэн билээ.

Шинэ томилгоонуудыг нэрлэвэл, Дилио Алехандро Агуэро Монтесыг тэнгисийн цэргийн командлагч, Ройман Антонио Хернандез Брикеног агаарын хүчний командлагч, Рубен Дарио Белзарес Эскобарыг армийн командлагчаар тус тус томилжээ.

Энэ томилгооны өмнөх өдөр Мадурогийн холбоотон гэгддэг Владимир Падрино Лопезыг Батлан хамгаалахын сайдаас огцруулсан байна. Родригез түүнийг эх орондоо үнэнчээр үйлчилсэнд нь талархаад, оронд нь Густаво Гонзалез Лопезыг томилжээ.

Батлан хамгаалахын сайдын томилгоо нь буруутай этгээдийг албанд томилж, хаацайлдаг тогтолцоо үргэлжилсээр байгаагийн илрэл гэж “Provea” хүний эрхийн байгууллага мэдэгдэв.

Владимир Падрино Лопез нь Мадурогийн тууштай дэмжигчдийн нэг бөгөөд Батлан хамгаалахын сайдаар 12 жил ажилласан нэгэн. Тэрбээр Густаво Гонзалез Лопезод баяр хүргээд, түүнтэй бага залуу үеэсээ л мөр зэрэгцэн ажилласан гэдгээ дурсжээ. Мөн Густавогийн удирдлага дор арми улам хүчирхэгжинэ гэдэгт итгэж байгаагаа хэлсэн байна.

Густаво Гонзалез Лопез нь Венесуэлийн тагнуулын албаны даргаар 2014-2018, 2019-2024 онуудад ажиллаж байв.

Түүнийг Батлан хамгаалахын сайдаар томилно гэдэг нь дарангуйллын бүтэц хэвээр хадгалагдаж буйн нэг илрэл гэдгийг хүний эрхийн ажиглагч Хуанита Гоэбертус хэлжээ. Мөн хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийнхээ төлөө шалгагдах ёстой хүнийг шагнаж байна гэж буруутгасан байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама 2015 онд Густаво Гонзалез Лопезод хориг арга хэмжээ авч байв.

Венесуэлийн түр удирдагч шалгагдах ёстой хүнийг шагнав

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн