“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны салбарт 2700 мэргэжилтэн бэлтгэнэ

БОУАӨЯ-наас байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, ирээдүйн хөгжлийн суурийг тавих зорилготой “Ногоон ирээдүй” хөтөлбөрийг танилцууллаа.

Одоогоор энэ салбарт 2700 гаруй албан хаагч ажилладаг. Хөтөлбөрийн хүрээнд тэднийг давтан сургаж чадавхжуулах, орчин үеийн технологид сургахаас гадна 2026–2030 онд шинээр 2700 мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж, тэдний 400 орчмыг гадаадын их, дээд сургууль, судалгааны байгууллагад сургаж мэргэшүүлэх зорилт дэвшүүлжээ. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Япон, БНСУ, Герман, Финланд, Австрали улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагатай хамтран ажиллах боломжийг судалж байгааг БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар мэдээлэв. 

Тэрбээр салбарын мэргэжилтнүүд зөвхөн технологи ашиглагч биш, түүнийг ойлгон хөгжүүлж, нутагшуулах чадвартай байх шаардлага тулгарч байгаа тул хүний нөөцийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлэхээр “Ногоон ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсныг онцоллоо.

Салбарын мэргэшсэн боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах зорилгоор орон сууцны дэмжлэг, орон нутгийн нэмэгдэл, тогтвортой ажлын байр, карьерын шатлал зэрэг нийгмийн баталгааны бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. “Ногоон ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр байгаль орчны салбарын хүний нөөцийн чадавх бэхжиж, шинжлэх ухаанд суурилсан бодлого, технологийн шийдэл нэвтэрч, залуу үеийн оролцоог сайжруулах нөхцөл бүрдэх ажээ.

Хөтөлбөрийг Ойн газар, Усны газар, ЦУОШГ болон салбарын бусад байгууллага хамтран хэрэгжүүлж хүний нөөц бэлтгэх, мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх ажлыг уялдаа холбоотой хэрэгжүүлэх юм. Мөн залуучуудыг байгаль орчны салбарт татан оролцуулахаар Монголын Оюутны Холбоо, Монголын Залуучуудын Холбоотой хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. 

Сайд Б.Батбаатар дэлхий дахинд байгаль орчны асуудал нь нэг салбарын хүрээнээс давж, улс орны тогтвортой хөгжлийн гол шалгуур болж буйг онцлоод, манай улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны нөөцийн хомсдол зэрэг сорилттой нүүр тулж байгааг тэмдэглэв.

Монгол Улс наймдугаар сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал буюу COP17-г зохион байгуулах нь байгаль орчны асуудалд олон улсын анхаарал төвлөрсөн онцгой цаг үе юм. Ийм нөхцөлд байгаль орчны салбарын хөгжил нь мэдлэг, ур чадвартай хүний нөөцөөс хамаарах болсон тул боловсон хүчин, шинжлэх ухаанд суурилсан бодлого, технологийн шийдэл улам чухал болж байна.

Энэ салбарт сүүлийн жилүүдэд хиймэл дагуулын мэдээллийн ажиглалт, хиймэл оюунаар гаргасан сэрэмжлүүлгийн систем, машин сургалтад суурилсан уур амьсгалын загварчлал, юмсын интернэтэд тулгуурласан цагийн хяналт, ус цэвэршүүлэх, ойжуулах дэвшилтэт технологийн шийдэл эрчимтэй нэвтэрч байгааг ЦУОШГ-ын дарга Э.Баттулга тодотголоо.

Ойн газрын дарга Б.Оюунсанаа, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд энэ салбарт суралцагчдын тоо 3-4 дахин нэмэгдэж, одоогоор 3500 оюутан сурч байна. Тэднийг хөтөлбөрт хамруулахаас гадна тэтгэлэг олгосон компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх тухай ярьж байгааг дуулгав.

Харин Усны газрын дарга З.Батбаяр, “1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш усны чиглэлээр сурах нь багасаж, одоогоор 20 хүрэхгүй оюутан сурч байна. Энэ салбарын мэргэжилтэн, нарийн мэргэжлийн магистр, доктор хомсдоод байгаа. Хуульч, эдийн засагч олон ч яг ой, амьтан, усны чиглэлээр мэргэшсэн нь үгүй. Ус ашиглагч аж ахуйн нэгж бүр усны менежертэй байх ёстой атал манай компаниудын 20 хүрэхгүй хувь нь усны менежертэй” гэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн