Иранчууд жил бүр гуравдугаар сарын 21-нд өөрсдийн цаг тооллын шинэ жил Наурызын баярыг тэмдэглэдэг. Наурыз гэдэг нь персээр шинэ өдөр гэсэн утгатай үг. Түүнчлэн энэ өдөр нь иран хуанлийн эхний өдөр юм.
Баяр дөхсөн тул иранчууд дайн дажинтай байсан ч боломжоороо бэлтгэлээ базааж эхэлжээ. Жилийн жилд айл бүр гэр орноо цэвэрлэж, шинэ хувцас худалдан авч, чихэр, жимсээ базаах маягаар баяртаа бэлдээд завгүй байдаг.
Гэтэл энэ жил урьд урьдынхаас өөр байгааг гэрийн эзэгтэй Мина ярьж байна. “Өдөр хоног дуусахгүй урт санагдаж байна. Цаг хугацааны баримжаагаа алдчихаад байна. Баярын өдөр телевизийн мэндчилгээний цаана пуужин, нисгэгчгүй онгоцны чимээ холилдож сонсогдох вий. Тэгэхгүй гэдэгт итгэж байна” гэж тэр хэлэх аж. Харин Минагийн хүү Амир “Хүмүүс дайнаас болоод ажил төрлөө алдсан. Миний хамгийн их санаа зовж буй зүйл бол улс орны дэд бүтэц. Энэ маягаараа бол Иранд юм үлдэхгүй бололтой. Бидний тэмдэглэх сүүлчийн Наурыз биш л байгаасай гэж хүсч байна” гэжээ.
Наурызын баяр нь 3000 гаруй жилийн түүхтэй бөгөөд дэлхийн олон оронд шинэ эхлэл, хаврыг урин тэмдэглэдэг. Хэдийгээр Иран, Афганистан зэрэг улсад тэмдэглэдэг ч гэлээ Наурыз нь исламын шашинтай холбоогүй баяр.
Иранчууд 1980-аад онд Наурызын баяраа дайны сүүдэр дор тэмдэглэж байв. Энэ үед Иран, Иракын мөргөлдөөн найман жил үргэлжилсэн байдаг.
Хоёр долоо хоног үргэлжилдэг уг баярын үеэр хүмүүс айл хэсч, өргөн дэлгэр баярладаг. Гэвч энэ жил хүндхэн цохилтуудаас болоод хүмүүс Тегераныг зорихгүй л болов уу. Түүнчлэн баярын өмнө зах, худалдааны төвүүд дүрмийн дагуу хүний хөлд дарагдсан байдаг ч энэ жил тиймгүй байна. Гэхдээ олон дунд дайныг дэмжсэн үзэл санаатай хүмүүс ч байна. Тухайлбал, Тегеранд аж төрдөг Рамтин “Наурызын утга учир нь юу юм? Исламын бүгд найрамдах улс засгийн эрхэнд үлдэх юм бол бид дуусашгүй хатуу хөтүүг туулж амьдрах болно. Наурыз бол байж л байна, болж л байдаг. Энэ удаад бол Исламын бүгд найрамдах улсыг зайлуулах ёстой” гэжээ.