ХҮМҮҮС
Балбачууд тив дэлхийг доргиосон түүхэн жагсаал цуглаан өрнүүлснээс хойших анхны сонгуулиа энэ сарын эхээр зохион байгуулсан. Тус сонгуульд Растрияа Свантантра нам ялсан билээ. Ингэснээр тус намаас нэр дэвшсэн реппер, улстөрч Балендра Шах ерөнхий сайд болох замдаа орж байна. Бален гэх тайзны нэрээр олонд танигдсан түүнийг Ньюс агентлаг ХҮМҮҮС буландаа онцолж байна.
Балендра Шах 1990 оны дөрөвдүгээр сарын 4-нд Катмандуд холимог гаралтай гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр Аюурведийн бясалгагч Рам Нараян Шах болон Дхрувадеви Шах нарын отгон хүү юм. Бален бакалаврын зэргээ Гималайн “White House” олон улсын коллежид иргэний инженерчлэлийн чиглэлээр хамгаалжээ. Мөн мастерын зэргээ Энэтхэгийн Бангалорт “Nitte Meenakshi” технологийн институтид бүтцийн инженерчлэл чиглэлээр хамгаалсан байна.
Инженер хүнийхээ хувьд тэрбээр Балбын 65 дүүрэгт зам, гүүр, үйлдвэр, цэнгэлдэх хүрээлэн, шинжлэх ухааны паркын барилга, байгууламж дээр ажиллаж байсан. Энэ үеийн туршлага нь түүнд улс орны өнцөг булан бүрт байгаа орхигдсон, үл тоомсорлогдсон нөхцөл байдлыг олж харах завшаан болжээ.
Бален сонгуульд нэр дэвших болсон тухайгаа анх зарлахдаа “Энэ бол миний ‘Z’ үеийнхний төлөө хийж чадах ганц зүйл” гэж хэлжээ.
Түүнийг ялалт байгуулахад Балбын зүүн хэсгийн Жапа дүүргийн Дамак хотын гудамжинд мянга мянган хүн цугларч, сонгуулийн дүнд баярлаж буйгаа илэрхийлцгээжээ. Хурсан олон “Бален! Бален! Бален!” гэж хашгиралдаж байлаа. Түүний энэ хүрсэн түүх энгийн нэг улс төрийн замнал байсангүй.
НЕПХОП

Бален Шах Балбын хип хоп урлагт танигдаж эхэлсэн нь 2010-аад оны эхэн үе. Түүний анхны уран бүтээл “Sadak Balak” 2012 онд олны хүртээл болсон. Орчин үеийн хотын залууст тулгардаг асуудлуудыг хөндсөн энэ дуугаа тэр есдүгээр ангидаа бичсэн гэдэг. Энэ уран бүтээлээрээ Бален Шах непхоп буюу Непалын хип хоп салбарт хөл тавьжээ. Гэхдээ олон нийтэд илүү их танигдсан нь 2013 онд “YouTube”-ийн “Raw Barz” реп тулаанд орсноос эхтэй. Энэ үеэс л тэр Балбын андерграунд хип-хоп нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдөж эхэлжээ.
Түүний сүүлийн үеийн хит уран бүтээлээс нэрлэвэл “Nepal Haseko…” гэх дуу бий.
Бален Шахын дуунууд ихэвчлэн авлига, тэгш бус байдал, хотын амьдрал зэрэг нийгмийн асуудлыг хөндсөн сэдэвтэй. “Balidan” гэх уран бүтээл нь ялангуяа улс төрийн авлигыг хурцаар шүүмжилсэн байдаг бөгөөд залуу үед ихээхэн таалагджээ. Энэ уран бүтээл түүний улс төрд орох замыг зассан ч гэж ярьдаг.
Дууных нь үгнүүд яг л түүний ярьдаг зүйлс байдаг. Дэмжигчдийнх нь хэлж буйгаар Бален реппер байхдаа хөндөж, дэвшүүлдэг байсан сайн засаглал, ил тод байдал, нийгмийн өөрчлөлт зэрэг сэдвээ хотын дарга болсон хойноо бодлогодоо тусгаж эхэлжээ.
ХОТЫН ДАРГА

Бален Шах 2022-2026 онд Катманду хотын даргаар ажиллажээ. Тэрбээр авлигатай тэмцэх, ил тод байдлыг дэмжихийн тулд хотын даргын сонгуульд өрсөлдөхөөр анх шийдэж байв. Сонгуулийн дүн гарахад Бален Шах Балбын конгресс намаас нэр дэвшигч Шрижана Сингх болон хотын дарга асан Кешав Стапит нарыг хойноо орхисон байлаа.
Балбын улс төрийн бусад нэр хүндтэй зүтгэлтнүүдтэй харьцуулахад Балены карьерын замнал харьцангуй дардан, шулуун байжээ.
Тэрбээр хотын даргаар ажиллах хугацаандаа сургуулиудын шинэчлэл, тэтгэлэгт хөтөлбөр, зогсоолын менежмент, археологийн өвийн дурсгалт газруудыг хамгаалах хүчин чармайлт зэрэг хэд хэдэн санаачлага гаргасан нь олон нийтийн анхаарлыг татсан юм. Залуу сонгогчид улстөрчдийг нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйц юу хийсэн бэ гэдгээр нь дүгнэх хандлагатай байдаг. Энэ нь ч Балены хувьд давуу тал болсон гэж үздэг.
МИНИМАЛИСТ НЭР ДЭВШИГЧ

Хотын даргаас ерөнхий сайд болохоор зорихдоо тэр минималист стратеги баримталжээ. Өөрөөр хэлбэл, Бален олон нийтийн анхаарлын төвд орж, хэвлэл мэдээллээр байнга улиглахаас зайлсхийсэн. Ихэвчлэн хар шилтэй явдаг тэрбээр сонгогчидтой уулзахдаа ямар нэг амлалт өгч, удаан ярихгүйг хичээдэг байжээ.
Сонгуульд ялалт байгуулсан хойноо ч тэр энэ өвөрмөц шинж чанараа алдаагүй. Тэрбээр машиныхаа дээврийн цонхоор гарч ирээд хоёр гараа зөрүүлэн талархал илэрхийлжээ. Мөн олон үг хэлэлгүй, ердөө “Та энэ баярыг хүртэх эрхтэй. Энэ ялалт таных” гэсэн бичигтэй зурагт хуудас өргөсөн байна.
Растрияа Свантантра намын үнэмлэхүй ялалтын гол шалтгаан нь Бален Шахын нэр хүнд байсан гэж ажиглагчид үзжээ.
Сонгуулийн өмнө залуу үеийнхний тэргүүлсэн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөж, Балба даяараа үймж бужигнаад байлаа. Энэ үед олон ч хүн Баленыг түр засгийн газрыг удирдахад тохиромжтой улстөрч гэж нэрлэж байв. Гэвч Бален эсрэгээрээ ерөнхий шүүгч асан Сушила Каркиг түр удирдагч болохыг нь дэмжиж, нэр хүндээ улам өсгөжээ. Жинхэнэ сонгуульдаа анхаарлаа төвлөрүүлэхийн тулд ийм тактикын алхам хийсэн гэж Баленыг дүгнэдэг.
Растрия Сватантра нам парламентын олонх болж, Балены ерөнхий сайд болох зам шуударсан гэж үзэж байгаа ч түүний өмнө хамгийн том сорилтууд бий. Нэгэн цагт Балба даяар цуурайтаж байсан түүний дуу хоолой үүнээс цааш парламентын танхимд сонсогдох болно. Хатуу ширүүн дууны үгсээрээ улстөрчдөөс ам асуудаг байсан Бален одоо өөрөө ажил үйлсээрээ ард иргэдэд асуултынх нь хариултыг өгөх ёстой.