Дэлхийн улс орнуудын тусгай хүчнийхний тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийлэв

, 2026 оны гуравдугаар сарын 18Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон улсын “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Монгол цэргийн багийн ажиллагаа, гүйцэтгэл, тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэл, сахилга бат, цагийн байдлыг зөв үнэлэх, онцгой үед шийдвэр гаргах чадвар, авхаалж самбаа зэргээ олон улсад харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Мөн тамирчдад “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жилийн ойн баярын мэнд хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Цаашид энэ тэмцээнд тогтмол оролцох, орчин үеийн тактик, зэвсэглэл, багийн ажиллагааны шинэ арга барил эзэмших, бэлтгэл сургуулилтаа сайжруулж илүү амжилт гаргах зорилгыг нь бүх талаар дэмжинэ гэдгээ хэллээ.

Энэ жилийн хувьд манай тамирчид хоёр сар гаруй хугацаанд цагийн зөрүү, цаг агаарын байдалд дасан зохицох, бие бялдрын бэлтгэл, буудлагын дадлага, сургуулилтаа хийсэн байна. Улмаар “Тактик ажиллагаа”, ”Иргэнийг аврах”, “Албан хаагчийг аврах”, “Цамхагт явуулах ажиллагаа”, “Саадтай зурвас туулах” зэрэг төрлөөр өрсөлджээ.

Өнгөрсөн хоёрдугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болсон тэмцээнд Төрийн тусгай хамгаалалтын газрын баг хоёр дахь удаа, Цагдаагийн ерөнхий газар, Дотоодын цэргийн баг анх удаа, нийт 44 хүн оролцсон юм. Дэлхийн 48 улсын 109 багийн 700 гаруй алба хаагч өрсөлдсөнөөс Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчид “Уулын дугуйтай тактик ажиллагаа” төрөлд гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртсэн юм. Мөн тэмцээний нийлбэр дүнгээр 41 дүгээр байр эзэлжээ.

Дэлхийн улс орнуудын тусгай хүчнийхний олимп гэгддэг “SWAT CHALLENGE” тэмцээнийг АНЭУ 2019 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Тэмцээн нь багууд харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, орчин үеийн тактик, арга ажиллагааг нэвтрүүлэх зорилготой. Мөн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдрын тэсвэр хатуужил, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг сорьж, гүйцэтгэлийг нь харьцуулан үнэлдэг гол талбар юм гэж ЕТГ-аас мэдээллээ.

Дэлхийн улс орнуудын тусгай хүчнийхний тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийлэв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн