Хөлбөмбөгийн Африкийн цомын финалын тоглолт дүүрэн драма болсон. Тэмцээнийг зохион байгуулагч Марокко улс 50 жилийн дараа дахин аваргын төлөө шалгарч, 2021 оны аварга Сенегалтай үхэх, сэхэхээ үзэв.
Тухайн тоглолт юу болсон бэ?
Хоёр баг 90 минутын турш бие биенийхээ хаалганд гоол оруулж дийлээгүй. Улмаар шүүгч тоглолтын төгсгөлд найман минутыг сунгаж тоглуулсан. 97 дахь минут эхлэхтэй зэрэгцэн Сенегалын хамгаалагч Эль Хаджи Милик Диуф өөрийн торгуулийн талбайдаа Брахим Диазыг унагааж, торгуулийн цохилт “бэлэглэчихсэн”.
Дээрх үйл явдлаас өмнө шүүгч Сенегалын оруулсан гоолыг тооцоогүй. Гоолыг нь тооцоогүйд мөн эсрэг багт нь торгуулийн цохилт заасан учир Сенегалын тамирчдын уур бухимдал буцалж, талбайг орхин гарсан. Энэ үед Садио Мане багийнхаа залуусыг зоригжуулан эргүүлэн талбайд оруулж ирсэн юм. Үр дүнд нь Брахим Диаз паненкагаа алдаж, нэмэлт цагт Сенегалын Папе Гуйе гоол оруулснаар аварга болсон юм.

Гэтэл…
Гэтэл тоглолтын дараа Мароккогийн хөлбөмбөгийн холбооноос Африкийн хөлбөмбөгийн холбоонд гомдол гарган Сенегалын тамирчид талбайг орхин явсан учир техникийн хожигдол хүлээх ёстой гэв. Тэгвэл энэхүү гомдлын хариу өчигдөр/2026.03.17/ гарч, Африкийн хөлбөмбөгийн холбооны зүгээс Марокко улсыг аварга болсон гэж үзжээ.
Тэмцээний дүрмийн 82 дахь заалтад тухайн баг нь тоглохоос татгалзах эсвэл шүүгчийн зөвшөөрөлгүй талбайг орхин гарвал хожигдсонд тооцож, тэмцээнээс хасна гэж заажээ. Мөн дүрмийн 84 дэх заалтад дээрх тохиолдолд 3-0 гэсэн харьцаатай хожигдсонд тооцож, хасна гэж заасан аж.
Ийнхүү Африкийн хөлбөмбөгийн холбоо албан ёсоор Марокког түрүүлсэнд тооцож, Сенегалын түрүүг үгүйсгэв.