Март 8-ыг Австри, Дани, Герман, Швейцарь улсууд анх тэмдэглэж байв

Хүн төрөлхтөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглээд 100 гаруй жил өнгөрч байна. Энэ өдөр 1908 онд Нью-Йорк хотод болсон 15 мянган эмэгтэйн жагсаалаас үүдэлтэй. Эмэгтэйчүүд ажлын цагийг богиносгож, цалин нэмж, санал өгөх эрхтэй болох шаардлага хүргүүлэн тухайн үед жагсч байжээ. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Америкийн Социалист нам Үндэсний эмэгтэйчүүдийн өдөр гэх өдрийг тунхаглаж байв.

Харин энэхүү өдрийг олон улсын арга хэмжээ болгох санааг коммунист идэвхтэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөгч Клара Зеткин гаргасан. Тэрээр 1910 онд Копенгагенд Олон улсын ажилчин эмэгтэйчүүдийн бага хурлын үеэр энэ санаагаа дэвшүүлжээ. Түүний саналыг бага хуралд оролцсон 17 орны 100 эмэгтэй санал нэгтэйгээр дэмжсэн гэдэг.

Ингээд анхны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг 1911 онд Австри, Дани, Герман, Швейцарь улсууд тэмдэглэж байв.

НҮБ энэ өдрийг албажуулан тэмдэглэсэн нь 1975 он. Улмаар 1996 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн сэдвийг “Өнгөрснийг тэмдэглэж, ирээдүйг төлөвлөнө” хэмээн анх удаа зарлаж байв. Харин 2024 онд “Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийе: Дэвшлийг хурдасгая”, 2025 онд “БҮХ охид, эмэгтэйчүүдэд: Эрх. Тэгш байдал. Хүчирхэгжилт” гэсэн сэдвийг тус тус зарлаж байв.

Энэ жилийн тухайд “Эрх. Шударга ёс. Үйлдэл. БҮХ эмэгтэйчүүдэд, охидын төлөө” гэсэн сэдэвтэй байна.

Гэхдээ Клара Зеткин эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэх санааг гаргахдаа аль нэг өдрийг онцолж санаачлаагүй. Орос эмэгтэйчүүд “талх ба энх тайван” шаардлагыг хүргүүлэн Григорийн хуанлиар 1917 оны гуравдугаар сарын 8-ны өдөр жагсч байснаас өнөөдрийн Март-8 гэх тэмдэглэлт өдөр эхтэй. Тухайн үед эмэгтэйчүүдийн жагсаал дөрвөн өдөр үргэлжилсний эцэст Оросын хаант засаг унаж, түр засгийн газар эмэгтэйчүүдэд санал өгөх эрх олгосон.

Тэгвэл энэ өдрийг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ?

Олон улсад энэ өдрийг баяр, амралтын өдөр болгон тэмдэглэх нь элбэг. Тухайлбал, Хятад улсад олон байгууллага эмэгтэйчүүдэд хагас өдрийн чөлөө олгодог. Мөн жагсаал, хурал, тоглолт, үзэсгэлэн, мэтгэлцээн зэрэг арга хэмжээ дэлхийн өнцөг булан бүрт өргөнөөр зохион байгуулагдсаар байна. Итали улсад энэ өдөр “mimosa blossoms” гэх цэцгийг эмэгтэйчүүддээ бэлэглэдэг. Харин Орос улсад энэ өдөр цэцгийн борлуулалт хоёр дахин өсдөг аж. АНУ-ын тухайд гуравдугаар сар тэр чигээрээ Эмэгтэйчүүдийн түүхийн сар байдаг. Ерөнхийлөгч жил бүр албан ёсоор тунхаг гаргаж америк эмэгтэйчүүдийн амжилтыг хүндэтгэн тэмдэглэдэг.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн