Кувейтийн “Al-Jarida” сонинд Ираны шинэ дээд удирдагч гэгдэж буй Можтаба Хаменеиг нууцаар Оросын цэргийн онгоцоор Москва хотод илгээж, эмчилж байна гэж мэдээлжээ. Тэрбээр АНУ болон Израилын зэвсэгт хүчний Иранд өгсөн агаарын цохилтын үеэр шархадсан байж болзошгүй гэж тус сонин онцолсон байна.
Мэдээлэлд дурдсанаар, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкянтай утсаар ярих үеэрээ Можтаба Хаменеиг Москвад эмчлэх санал тавьжээ. Үүний дараа түүнийг Орос руу нууцаар авчирч, яаралтай мэс засал хийсэн бөгөөд хагалгаа амжилттай болсон гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Одоогоор тэрбээр Москвад байрлах ерөнхийлөгчийн өргөөнүүдийн нэг дэх тусгай эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа ажээ. Түүнийг Москвад шилжүүлсэн нь өндөр түвшний эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна Израилын зэвсэгт хүчний довтолгоо үргэлжилж буй нөхцөлд аюулгүй байдлыг нь хангах зорилготой байсан гэж мэдээлэлд дурдсан байна.
Можтаба Хаменеиг энэ сарын 9-ний өдөр Ираны дээд удирдагчаар сонгосон талаар өмнө нь мэдээлж байсан. Түүний эцэг, Ираны өмнөх дээд удирдагч Али Хаменеи хоёрдугаар сарын 28-нд болсон агаарын цохилтын үеэр амиа алдсан бөгөөд тухайн халдлагын үеэр Можтаба Хаменеи шархадсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Можтаба Хаменеи Ираны ард түмэнд хандан анх удаа мэдэгдэл хийсэн ч тэрбээр олон нийтийн өмнө биечлэн гарч ирээгүй байна. Түүний мэдэгдлийг төрийн мэдлийн телевизээр уншиж танилцуулан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараажээ.
Гэхдээ дээрх мэдээллийг Ираны албан ёсны байгууллагууд болон олон улсын томоохон хэвлэлүүд хараахан баталгаажуулаагүй байгаа тул зарим шинжээчид үүнийг баталгаажуулах шаардлагатай мэдээлэл хэмээн үзэж байна.