Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 17 //. Монгол Улсын иргэний нисэхийн салбарт шинэ тээвэрлэгч нэмэгдэж, “Чингис аэрлайнс юнити” компани анхны агаарын хөлгөө Марокко Улсаас эх орондоо өнөөдөр угтан авлаа.
“Номин холдинг” компанийн хөрөнгө оруулалтаар 2025 онд байгуулсан тус компани нь орон нутгийн нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулах зорилготой үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Энэ хүрээнд 70 хүний суудалтай, орчин үеийн ATR 72-600 загварын агаарын хөлгийг ашиглалтад оруулж, орон нутгийн чиглэлд захиалгат нислэг үйлдэх бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.
Тус төлөвлөгөөний дагуу “Чингис Аэрлайнс Юнити” компани 2026 оны хоёрдугаар улирлаас эхлэн Даланзадгад, Ховд, Мөрөн чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр зорьж байгаа юм. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон улсын чиглэлд нислэг үйлдэх, бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвартай, нэр хүндтэй агаарын тээврийн компани болон хөгжих зорилт тавин ажиллаж байна.

