Эдийн засгийн үзүүлэлт эерэг гарсан ч хөрөнгө оруулалтын хэмжээ багасжээ

Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 6.8 хувиар өсөж, нэрлэсэн ДНБ 89.9 их наяд төгрөгт хүрсэн эерэг үзүүлэлттэй гарсан ч гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ багасжээ.

Тодруулбал, 2025 оны эхний хагас жилд гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.36 тэрбум ам.доллар байсан нь 2024 оны мөн үеийнхээс 39 хувь буюу 870 сая ам.доллароор багасахад дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас гадна хууль эрх зүйн орчин тогтворгүй, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурсан зэрэг нь нөлөөлсөн байна. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 2.8 тэрбум ам.доллар орчим байсныг олон улсын статистик тайланд дурдсан байдаг. Үүний дийлэнх нь уул уурхай, эрчим хүч, барилга, тээвэр логистик, газрын тос боловсруулах, аж үйлдвэрийн төслүүдэд чиглэжээ.

Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд “Эдийн засгийн өсөлтийг иргэдэдээ хүргэх” 300 хоногийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байгааг ЭЗХЯ-ны дэд сайд С.Даваасүрэн “Мега төслийн танилцуулга уулзалт өдөрлөг”-ийг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэснийг ЭЗХЯ мэдээллээ. 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, эдийн засгийг дэмжих томоохон төсөл, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тустайг тодотгосон. Улаанбаатар хотод одоогоор “Агро сити”, “Хүннү хот”, “Налуу Ухаа” эдийн засгийн тусгай бүсийн төсөл хэрэгжүүлж байгаа. Эдгээр нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, шинэ хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх, ажлын байр нэмэх, хөрөнгө оруулалтыг татахад ач холбогдолтой юм.

Дээрх өдөрлөгийг Улаанбаатар хотын Худалдааны танхимын нэрэмжит “Улаанбаатар‑Хөрөнгө оруулалт” долоо хоногийн хүрээнд ЭЗХЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд зохион байгууллаа. Өдөрлөгт оролцогчид төслүүдийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын орчин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн тухай санал солилцов. Энэ үеэр Улаанбаатар хотын Худалдааны танхим, Хүннү хотын хөгжлийн корпорац ХХК төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн