Японы байлдааны хөлөг онгоцуудыг Ормузын хоолой руу илгээхгүй

ТОКИО, 2026 оны гуравдугаар сарын 16 /RIA Novosti/. Японы Өөрийгөө хамгаалах хүчний хөлөг онгоцуудыг Ойрх Дорнод руу илгээх боломжгүй гэж тус улсын Ерөнхий сайд Таикачи Санаэ парламентын дээд танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр мэдэгджээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өмнө нь Хятад, Франц, Япон, Өмнөд Солонгос, Их Британи болон бус улс оронд хандан Ормузын хоолой руу цэргийн хөлөг онгоцуудаа илгээхийг уриалсан юм. NHK телевизээр Засгийн газрын эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, Трамп уриалсан учраас хөлөг онгоцуудаа илгээнэ гэсэн ойлголт байхгүй гэжээ. 

“Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Япон улс бие даан юу хийж чадахаа урьдчилан тодорхойлж байна. Хөлөг онгоцуудыг хамгаалах зорилгоор Өөрийгөө хамгаалах хүчнийг илгээх боломжгүй” гэж Ерөнхий сайд Т.Санаэ мэдэгдсэн байна.

Японы засгийн газар одоогоор Ормузын хоолой руу Өөрийгөө хамгаалах хүчнийг илгээх асуудлыг хэлэлцэхгүй байгаа гэдгийг мөн Батлан хамгаалахын сайд Коизүми Шинзиро хэлэлцүүлгийн үеэр баталжээ. 

Ойрх Дорнод дахь мөргөлдөөн хурцадсантай холбоотойгоор Персийн булангийн орнуудаас дэлхийн зах зээлд нийлүүлдэг газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн гол тээврийн зам болох Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр үндсэндээ зогсжээ. Аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж буйтай холбогдуулан даатгалын компаниуд хураамжаа нэмэгдүүлж, даатгалын нөхцлөө дахин үнэлж эхэлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн