Өвлийн Паралимпын наадам өндөрлөлөө

КОРТИНА-Д’АМПЕЦЦО, 2026 оны гуравдугаар сарын 16 /PBS/ Италийн Милан, Кортина-д’Ампеццо хотуудад болсон өвлийн Паралимпын XXV наадмын хаалтын ажиллагаа АНУ-ын пара хоккейн баг алтан медаль хүртсэнээс хэдхэн цагийн дараа ёслол төгөлдөр боллоо. Энэ удаагийн паралимпын наадам нь Оросын төрийн далбаа, төрийн дуулал дэлхийн спортын тавцанд дахин мандаж, эгшиглэснээроо онцлог болов.

2004 оноос хойш зуны бүх паралимпыг тэргүүлсэн БНХАУ 15 алт, 13 мөнгө, 16 медаль хүртсэнээр энэ удаагийн өвлийн Паралимпын наадмын медалийн чансааг тэргүүлсэн бол АНУ 13 алт, 5 мөнгө, 6 хүрэл медальтайгаар хоёрдугаар байрт жагслаа. Харин ОХУ 8 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар уг наадмын 3-р байрт орсон байна. Зохион байгуулагч Итали улс долоон алтан медальтайгаар дөрөвдүгээрт бичигджээ. Австри улс мөн долоон алтан медаль хүртэж, ах дүү Вероника болон Йоханнес Айгнер нар пара уулын цанын төрөлд “босоо” байлаа. Энэ удаагийн наадам нь өвлийн паралимпын наадам зохиогдож эхэлсний 50 жилийн ойтой давхацлаа.

ОХУ-ын төрийн дуулал арав гаруй жилийн дараа Милан-Кортинагийн өвлийн паралимпын наадамд найман удаа эгшиглэв. Оросын тамирчид 2014 оны Сочигийн наадмаас хойш анх удаа өөрийн улсын далбаан дор оролцлоо.

Оросын тамирчдыг оролцуулсныг эсэргүүцэн Украин улс наадмын нээлт, хаалтын ёслолд оролцохоос татгалзжээ. Тус улс Олон улсын паралимпын хороог /ОУПХ/ тамирчдыг нь ялгаварлан гадуурхсан гэж буруутгасан бол ОУПХ Украиныг олимпын наадмыг улс төржүүлж байна гэж мэдэгджээ.

Милан ба Кортинад болсон 2026 оны өвлийн Паралимпын наадам нь АНУ, Израил хамтран Иранд цэргийн довтолгоо эхлүүлснээс долоо хүрэхгүй хоногийн дараа эхэлсэн. Үүний улмаас Иранаас тус наадамд оролцох цорын ганц тамирчин, пара цанын тамирчин Абульфазл Хатиби Италид аюулгүй очиж чадаагүй тул наадамд оролцож чадаагүй бол Израилын цорын ганц тамирчин, пара цаначин Шейна Васпи наадамд оролцсон байна. 

Дараагийн өвлийн паралимпын наадмыг 2030 онд Францад зохион байгуулна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн