ВЕЛЛИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 13 /Kazinform/. Шатахуун хомсдож магадгүй гэсэн болгоомжлолоос үүдэн Шинэ Зеланд улсад автомашингүй өдрүүдийг сэргээж магадгүй байна гэж BILD сэтгүүлд бичсэнийг эш татан Kazinform агентлаг мэдээллээ.
Тус улсын Сангийн сайд Никола Уиллис мэдэгдэхдээ, долоо хоногийн нэг өдрийг автомашин унахгүйгээр өнгөрүүлэхийг иргэдэд үүрэг болгосон 1979 оны хуулийг сэргээх эсэх асуудлыг хэлэлцэж байна гэжээ. Хуулийг зөрчсөн тохиолдолд мөнгөн торгууль ногдуулдаг байна.
Дээрх хуулийг Иранд Лалын хувьсгал ялсны дараа нефтийн үнэ нэмэгдэж, шатахуун хомсдсон үед буюу 1979 оны 7 дугаар сараас 1980 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд мөрдсөн байна.
Тус улсад онгоцны түлшний үнэ нэмэгдсэн тул иргэний агаарын тээврийн Air New Zealand компани дотоодын нислэгийнхээ тоог 5 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа ажээ.
Шинэ Зеланд улс шатахууны импортоос маш их хамааралтай байдаг тул Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш бензиний үнэ 10 орчим хувиар, дизелийн түлшний үнэ 20 гаруй хувиар тус тус нэмэгдсэн байна.
Эрчим хүчний сайд Шейн Жонс-ын мэдэгдсэнээр, тус улсад 50 хоногийн шатахууны нөөц байгаа ажээ.