ТОКИО, 2026 оны гуравдугаар сарын 12 /Nikkei/. Японы засгийн газар стратегийн нөөцөөсөө 80 сая торх газрын тос гаргахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Эдийн засгийн яамны мэдэгдлийг эш татан “Nikkei” сонинд мэдээлжээ.
Энэ нь дотоодын хэрэглээг 45 хоног хангах хэмжээ ба арилжааны нөөцөөс 15 хоног, засгийн газрын нөөцөөс 30 хоногийн хэрэглээг хангах газрын тос гаргах төлөвтэй байна.
Японы засгийн газар газрын тосны нөөцийг ашиглах шийдвэрийг тав дахь удаагаа гаргасан нь энэ юм. Анхны ийм алхмыг тус улс 1979 онд “газрын тосны хоёр дахь хямрал”-ын үеэр бие даан хэрэгжүүлж байжээ. Харин 1991 оны Персийн булангийн дайны үеэр, 2005 онд АНУ-д болсон “Катрина” хар салхины улмаас Олон улсын эрчим хүчний агентлагтай /ОУЭХА/ зөвшилцсөний үндсэн дээр нөөцөөсөө газрын тос гаргасан байна. Мөн 2011 оны газар хөдлөлт, “Фүкүшима-1” АЦС-д гарсан ослын улмаас, мөн Ливид болсон үйл явдалтай холбоотойгоор ОУЭХА-тай зөвшилцөн нөөцөө ашиглаж байжээ. 2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа мөн тус агентлагтай зөвшилцсөний үндсэн дээр стратегийн нөөцөөсөө газрын тос гаргасан байна.
Японы эрх баригчид нөөцөө гуравдугаар сарын 16-наас ашиглаж эхлэхээр төлөвлөж байна. Тус улс нийт 470 сая орчим баррель газрын тосны нөөцтэй ба энэ нь 254 хоногийн хэрэглээг хангах хэмжээ юм. Үүнээс 146 хоногийн хэрэглээг хангах нөөц нь нефть хадгалах газруудад, 101 хоногийн нөөц нь нефтийн болон худалдааны компаниудын агуулахуудад хадгалагдаж байгаа ажээ.
Тус улс нь Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлтээс 94 хувийн хамааралтай байдаг ба газрын тосны бараг бүх тээвэрлэлт үндсэндээ Ормузын хоолойгоор дамжин ирдэг байна.