ЖЕНЕВ, 2026 оны гуравдугаар сарын 13. /ТАСС/. Тоглолтын үеэр болбой буюу бөмбөг зөөгч хүүхдийг түлхэж унагасан Английн “Челси” багийн португал довтлогч Педру Нету-д холбогдуулан сахилга батын хэрэг үүсгэсэн тухай Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ хэвлэлийн алба мэдээлжээ.
Энэ хэрэг явдал Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн 16-гийн плей-оффын шатанд Францын ПСЖ ба “Челси” багуудын хооронд болсон эхний тоглолтын үеэр гарсан байна.
“Спортын бус авир үйлдэл гаргаж, УЕФА-гийн сахилга батын дүрмийг зөрчсөн “Челси” багийн тоглогч Педру Нету-д холбогдох сахилга батын хэргийг нээлээ. Сахилга батын асуудал хариуцсан холбогдох байгууллагууд тогтсон журмын дагуу шийдвэрээ гаргана” гэж дээрх мэдэгдэлд дурджээ. УЕФА-гийн дүрмийн дагуу Нетугийн нэг тоглолтод оролцох эрхийг хасаж магадгүй байна.
ПСЖ, Челси багуудын тоглолт 11-ний өдөр Парист болж, талбайн эзэд 5:2 харьцаагаар хожсон юм. Тоглолтын II үеийн нэмэлт цагт Нету талбайн гадна байсан бөмбөгийг авах гэтэл бөмбөг зөөгч хүүхэд бөмбөгийг өгөхгүй удааж байжээ. Үүнд дургүйцсэн Нету түүнийг түлхэн унагажээ. Тоглолтын үеэр Нету-д ямар нэгэн шийтгэл ногдуулаагүй байна.
Хоёр багийн хариу тоглолт 17-ний өдөр Лондонд болно.