АНУ-ын Нью-Йорк хотод НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 70 дугаар чуулган болж байна.
Тус чуулганд манай улсаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж. Энэ жилийн чуулганыг “Бүх эмэгтэйчүүд, охидын шударга ёсонд хүртээмжтэй байх боломжийг хангах, бэхжүүлэх, үүнд хүртээмжтэй, тэгш эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог дэмжих, ялгаварлан гадуурхсан хууль, бодлого, практикийг арилгах, мөн бүтцийн саад бэрхшээлийг шийдвэрлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд НҮБ-ын 180 гаруй гишүүн орны төлөөлөгчид оролцож байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир энэхүү чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэхдээ эмэгтэйчүүд, охидын шударга ёсны хүртээмжийг хангах, ялгаварлан гадуурхсан хууль, бодлого, практикийг арилгах, тэгш эрхэд суурилсан хууль эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолжээ. Тэрбээр Монгол Улс жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулж, энэ чиглэлд олон улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Чуулганы үеэр Т.Аубакир Туркийн Гэр бүл, нийгмийн үйлчилгээний сайд Махинур Өздемир Гөкташ, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туслах захирагч Хаолинг Сюй нартай уулзаж, Монголд хэрэгжүүлж буй бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Комиссын 70 дугаар чуулганы хүрээнд хэлэлцэж буй тэргүүлэх сэдвийн үр дүнг НҮБ-ын гишүүн бүх улс орон хамтран хэлэлцэж, тохиролцсон дүгнэлт хэлбэрээр батлана. Чуулган энэ сарын 19-нд өндөрлөх юм.
