Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна

Жил бүрийн гуравдугаар сарын 8-ны энэ өдрийг дэлхий дахинд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдрийг хамгийн 1908 оноос тэмдэглэж эхэлжээ. Анх АНУ-ын Нью-Йорк хотод 15000 орчим эмэгтэй бага цагаар ажиллаж, эрчүүдтэй ижил цалин авч, сонгууль өгөх эрхийнхээ төлөө жагсаал хийж байсан бөгөөд үүнээс нэг жилийн дараа Америкийн социалист намын санаачилгаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Харин “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл Копенгаген хотод болсон Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин санаачилсан түүхтэй. Улмаар 1911 онд Австри, Дани, Герман, Швейцар улсад энэхүү өдрийг албан ёсоор тэмдэглэжээ.

Хожим нь 1975 онд НҮБ-аас энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн аж. НҮБ-ын зүгээс жил бүрийн гуравдугаар сарын 8-ны өдрийг дэлхийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаад буй асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгөх өдөр болгон зарласан юм.

Тэгвэл Монгол Улсад “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг 1925 оноос эхлэн тэмдэглэн иржээ. Энэ өдрийг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцоог дэмжих зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Энэ өдрийн хүрээнд өнгөрсөн хоёр өдөр эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, алдаршуулах олон үйл ажиллагааг орон даяар зохион байгуулсан юм. Монголынхоо эмэгтэйчүүдэд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэнд хүргэе. Монголын үзэсгэлэнт саран гоо  эхчүүд, эмэгтэйчүүдийг маань  сэтгэлийн  сүүн цагаан цацал нь ивээх болтугай.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн