Архангай аймгийн “АРА комплекс”-т өнөөдөр морин тойруулгын хаврын уралдаан нээлтээ хийх гэж байна.
Монголд анх удаа зохион байгуулж буй уг уралдаан энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд долоо хоног бүрийн баасан, бямба гарагт уралдаан болох юм. Морьдыг гараанаас нэгэн зэрэг гаргах төхөөрөмжтэй олон улсын стандартын 2.4 км урт, 12 метр өргөн морин тойруулгын замтай, явцыг бүрэн харах боломжтой шууд дамжуулалт хийхээс гадна 500 үзэгчийн суудал бүхий орчин үеийн цогцолборт энэхүү уралдаан болох юм.
Уралдах морьдыг 18-аас дээш насны жокей унаач унах бөгөөд оролцогчид 400 мянган төгрөгийн хураамж төлнө. Богино зайн морин тойруулгын уралдааныг олон улсын стандартын дагуу цувралаар зохион байгуулахдаа дөрвөн насны ангиллын морьдыг уралдуулах юм. Урьдчилсан уралдаанаас шалгарсан морьд энэ сарын 28-нд гранпри шагналын төлөө уралдах бөгөөд нийт шагналын сан 120 сая төгрөг. Өнгөрсөн жилийн наймдугаар сард “АРА комплекс” анх удаа “Ара кап” богино зайн морин тойруулгын уралдааныг зохион байгуулсан.
Дашрамд дурдахад, Монголд мэргэжлийн сургалтад хамрагдан үнэмлэх авсан бүртгэлтэй албан ёсны 20 жокей байдаг байна.