, 2026 оны гуравдугаар сарын 4Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд харилцаа холбооны салбарын технологиор дэлхийд тэргүүлэгч, үндэстэн дамнасан Эрикссон компанид зочиллоо.
Тэрбээр инновац, технологийн дэвшилтэт шийдлүүдийг танилцуулдаг “Imagine Ericsson Studio” төвд зочилж, удирдлагатай нь уулзав. Уг төв нь гарааны бизнесийг дэмжих, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг уялдуулах, дэвшилтэт технологийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдгаараа онцлог юм. Уулзалтын үеэр технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй стартап компаниудыг дэмжих, инновацын экосистемийг бүрдүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа.
Түүнчлэн хөдөө, орон нутагт цахим хүртээмжийг нэмэгдүүлэх, зөөврийн интернетийн шийдлийг нэвтрүүлэх, уул уурхайн салбарт орчин үеийн дэвшилтэт харилцаа холбооны техник, тоног төхөөрөмж, ноу-хауг ашиглах зэрэг харилцан ашигтай хамтран ажиллах боломж байгааг илэрхийлэв.
Тус компани нь дэлхийн 114 улсад 100 орчим мянга орчим ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. Мөн богино зайн утасгүй холболтын “Bluetooth” зэрэг 6000 гаруй патент эзэмшдэг бөгөөд 5G сүлжээний хөгжлийг эрчимжүүлэхийн зэрэгцээ 6G технологийг хөгжүүлэн ажиллаж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
