Хятад улс бодлогын жижиг өөрчлөлт гаргахад л дэлхий даяар долгион үүсгэдэг

Хятадын улс төрийн хамгийн том чуулган “Two sessions” өнөөдөр эхэлж байна. Тус чуулганаар дэлхийн хоёр дахь том эдийн засаг тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, таван жилийн төлөвлөгөөгөө баталдаг. “Two sessions”-ийн талаар мэдэх ёстой зүйлсийг нэгтгэн хүргэж байна.

“Two sessions” гэж юу вэ?

Энэхүү нэр томъёо нь хоёр өөр уулзалтыг илэрхийлнэ. Нэг нь өнөөдрөөс эхэлж буй БНХАУ-ын Ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн хурал. Тус зөвлөл нь зөвхөн Коммунист намаар хязгаарлагдахгүй салбар салбарын 2000 гаруй гишүүнтэй. Улс төрийн чухал шийдвэрүүдэд тус зөвлөлийн нөлөө их ч гэлээ хууль тогтоох эрх мэдэлгүй. Энэхүү зөвлөл нь техникийн хувьд Баасан гаригт хуралдаан нь эхлэх БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хуралд харьяалагддаг.

БНХАУ-ын Ардын төлөөлөгчдийн их хурал нь хууль батлах, үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, улсын төсвийг батлах зэрэг өргөн хүрээний эрх мэдэлтэй. Мөн Коммунист намын хаалттай хаалганы цаана гаргасан шийдвэрийг батлах шууд парламентын үүрэг гүйцэтгэдэг. Ардын төлөөлөгчдийн их хурал нь 1954 онд байгуулагдсан бөгөөд жилдээ нэг удаа хуралддаг. Тус хуралд бүх муж, өөртөө засах бүс, хотын захиргаа, засгийн газрын салбарууд, зэвсэгт хүчний төлөөллүүдээс 3000 орчим төлөөлөгч оролцдог. Тэдний олонх нь намын гишүүн юм уу засгийн газрын албан тушаалтан байх ба албан тушаалдаа таван жилийн хугацаатай байдаг.

Ардын төлөөлөгчдийн их хурлаас сонгогдсон жижиг байнгын хороо нь бодит байдал дээр хамгийн нөлөөтэй. Тус хороо нь 175 гишүүнтэй бөгөөд одоогийн даргаар нь Жао Лежи ажиллаж байна.

“Two sessions” дэлхийн бусад улсад яагаад хамаатай вэ?

Цахилгаан автомашин, нарны хавтан, хүн дүрст робот, хиймэл оюун ухааны аппликейшн гэх мэтээр Хятадын аж үйлдвэр, технологийн нөлөө сүүлийн жилүүдэд гэрлийн хурдаар нэмэгдэж байна. Төлөвлөгөө ёсоор энэ бүх хөгжил нь Хятадыг дэлхийн үйлдвэрлэгч улс бус технологийн хүчирхэг тоглогч болгох зорилготой. Өөрөөр хэлбэл, энэ хөгжил нь санаандгүй явдал бус төрийн тодорхой стратегийн дагуу хэрэгжиж байгаа алхам. Ардын төлөөлөгчдийн их хурлын өмнөх удаагийн хуралдаанаар Хятад улс энэ чиглэлээ тодорхой болгосон.

Тиймээс энэ удаагийн хуралдааны зорилго чиглэлийг шинжээчид ажиглаж байна.

Хятад улс бодлогын жижиг өөрчлөлт гаргахад л тэр нь дэлхий даяар долгион үүсгэх, цаашилбал, далайн шуурга хүртэл үүсгэх магадлалтай байдаг. Ардын төлөөлөгчдийн их хурлын илтгэлүүд уйтгартай сунжруу санагдаж болох ч үүний цаана тодорхой салбаруудыг голчлон анхаарах тухай том агуулга нуугдаж байдаг.

Энэ жилийн чуулганаас юу хүлээх вэ?

Энэ жилийн хоёр чуулганаар Үндэстний эв нэгдлийн хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Хүний эрхийн ажиглагчдын анхааруулж буйгаар энэ нь цөөнхийн бүлгүүдийг нухчин дарах явдлыг улам гааруулах хууль байж магадгүй. Энэ хууль нь Хятадын үндсэн хэл болох мандариныг бусад цөөнхийн хэлний сургалтаас илүү чухалчлахыг эрмэлзэж байгаа юм. Мөн хан үндэстэн болон цөөнхийн хооронд гэр бүл зохиохыг дэмжих, үндэстний эв нэгдлийг алдагдуулсанд тооцогдох аливаа үйлдлийг хориглохыг тус хуульд заажээ.

Хуулийн төслийн дагуу эцэг эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдүүддээ багаас нь Коммунист намыг хайрлахад сургаж, чиглүүлэх үүрэгтэй.

Үүний зэрэгцээ бохирдлын хяналт, экологийн хамгаалалт, нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжил зэрэг бусад асуудлыг хамарсан Экологи, байгаль орчны хуулийг энэ чуулганаар батлах төлөвтэй байна.

Шинэ хуулиудаас гадна өмнөх жилээ дүгнэх, ирэх жилээ тодорхойлох, засгийн газрын ажлын тайланг сонсох нь Хоёр чуулганы гол арга хэмжээ байдаг. Хятад улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтөө таван хувьд хүргэхээр зорьж байсан. Эдийн засгийн өсөлт үүнд арай хүрээгүй бол өсөлт удаан боловч чанартай явагдаж байгаад тооцно.

Мэдээж ажиглагчид хурлын үеэр хэн хэний суудал хоосон байгааг анхааралтай ажиглана. Иймэрхүү томоохон улс төрийн цугларалтад оролцоогүй төлөөлөгчид ихэвчлэн ямар нэг асуудалд орооцолдсон байх нь бий. Олон салбарын албан тушаалтан сүүлийн үед огцорсон боловч Ардын чөлөөлөх арми хамгийн олон хүнээ “алджээ.”

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн