Ойрхи Дорнод: Газрын тосны 3 үйлдвэр цохилтод өртөөд байна

Саудын Арабын газрын тосны аварга “Aramco”-ийн үйлдвэр Даваа гаригт /2026.03.02/ Ираны дроны цохилтод өртжээ. Дэлхийн хамгийн том газрын тосны үйлдвэрүүдийн нэгийг Иран хоёр дроноор онилсон гэж Саудын Арабын Батлан хамгаалах яам мэдэгдлээ. Халдлагаас болж хүн гэмтэж бэртээгүй байна.

Халдлагын дараа урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож үйлдвэрийг түр зогсоосон. Гэсэн хэдий ч орон нутгийн зах зээлд газрын тос болон түүний гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдаагүй гэж Эрчим хүчний яамны албан тушаалтан хэлжээ.

“Aramco”  нь өдөрт ойролцоогоор 550 мянган баррель газрын тос үйлдвэрлэдэг. Тиймдээ ч Саудын Арабын эрчим хүчний салбарын амин зүрх нь юм.

Мөн өдөр Кувейтын “Ahmadi” газрын тосны үйлдвэр дээр дроны хэлтэрхий унажээ. Уг ослоос болж дор хаяж хоёр ажилтан гэмтсэн байна.

Түүнчлэн “QatarEnergy”-д харьяалагдах эрчим хүчний байгууламж Ираны хоёр дроны халдлагад өртсөн гэж Катарын засгийн газар мэдээллээ.

Эдгээр халдлагын талаар “Rystad Energy” эрчим хүчний фирмийн шинжээч Жорж Леон хэлэхдээ “Энэ бол үнэхээр санаа зовохуйц дохио. Өнөөг хүртэл бид эрчим хүчний байгууламжууд халдлагын бай болохыг үзэлгүй явлаа. Энэ байдал үргэлжлэх тусам ирэх өдрүүдэд газрын тос, байгалийн хийн үнэ улам өснө” гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: NY POST

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн