Рембрандтын алга болсон уран зураг 65 жилийн дараа олджээ

Голландын агуу зураач Рембрант Харменсоон ван Рейнийн /1606-1669/ алдагдсан уран зураг хэдэн арван жилийн дараа олджээ. Тодруулбал, Рембрандтын 1633 оны “Vision of Zacharias in the Temple” зургийг түүний бүтээлийн жагсаалтаас 1960 онд хассан. Учир нь Рембрандт уг зургийг өөрийн гараар зурсан эсэхэд эргэлзээ гарсантай холбоотой байв. Улмаар 1961 онд хувийн цуглуулагч худалдан авсны дараа уг зураг олон нийтийн хараанаас алга болж, цаашдын шинжилгээ, судалгаанд хамрагдах боломж нь хязгаарлагдсан байна. Гэхдээ өдийг хүртэл хадгалж ирсэн эзэд нь тус зургийг Амстердам дахь Рейксмузеумд шалгуулахаар өгөхөд дахин судалгаанд хамрагдах боломж олдож, шинжээчид хоёр жилийн турш мөн эсэхийг нь тогтоохын тулд судалжээ.

“Энэхүү зургийг манай студид сэргээн засварлах үед нь харсан даруйдаа гайхалтай хүчийг шууд л мэдэрсэн” гэж Рейксмузеумын захирал Тако Диббитс хэлсэн байна.

Рейксмузеум өвлөн авсан эсвэл худалдаж авсан зургуудынхаа талаар мэдээлэл хүссэн хүмүүсээс олон цахим шуудан хүлээн авдаг гэж Диббитс хэлсэн. “Энэ зургийн талаар мэдэж авахыг хүссэн цахим шуудан ирсэн бөгөөд манай мэргэжилтнүүдийн нэг нь ‘Энэ үнэхээр сонирхолтой зураг байна. Бид энэ зургийн талаар 100 гаруй жил мэдэж байсан ч хэзээ ч бодитоор харж байгаагүй’ гэж хэлсэн” гэжээ. Улмаар хоёр жилийн турш “Vision of Zacharias in the Temple” зургийг Рембрандтын ашиглаж байсан будаг, техник болон эртний бусад бүтээлүүдтэй нь харьцуулж, жинхэнэ болохыг баталгаажуулсан байна.

“Сэтгэл зүрхээ зориулсан”

Рембрандтын алга болсон уран зураг 65 жилийн дараа олджээ

Мэргэжилтнүүд уран зураг дээр байсан гарын үсэг нь жинхэнэ бөгөөд модон хавтан нь тухайн үеийнх мөн гэдгийг тогтоосон гэж мэдэгдсэн байна. Рейксмузеумийн мэдээлснээр, материалын шинжилгээ, хэв маяг болон сэдвийн ижил төстэй байдал, Рембрандтын бусад бүтээл, мөн зургийн өндөр чанар нь энэ бүтээл жинхэнэ гэдгийг баталж байна. Тако Диббитс хэлэхдээ, уг зураг нь Рембрантын уран бүтээлийн туурвих замналын эхэн бөгөөд оргил үеийн бүх шинжийг агуулсан. “Энэ бол маш өндөр чанартай бүтээл. Заримдаа Рембрандтын хөргүүдийг харахад олноор нь зурсан мэт санагддаг. Харин энэ зурагт тэр үнэхээр сэтгэл зүрхээ зориулсан нь мэдрэгддэг” гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Музей уг зургийг Лхагва гаригаас эхлэн (2026.03.04) олон нийтэд дэлгэнэ. Одоогийн байдлаар тус зургийн үнэ цэн тодорхойгүй байгаа ч Рембрандтын бусад зургууд дуудлага худалдаагаар 26 сая ам.долларт хүрч байсан. Мөн 2015 онд Их Британийн засгийн газар хувийн байдлаар зарагдсан Рембрандтын нэгэн зургийг 45 сая ам.доллараар үнэлж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн