АНУ болон Бүгд найрамдах Конго улс Пүрэв гаригт (2026.02.26) 1.2 тэрбум ам.долларын эрүүл мэндийн түншлэлийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний хүрээнд АНУ-ын Төрийн департамент ирэх таван жилийн хугацаанд 900 сая ам.доллар хүртэлх санхүүжилт олгоно. Энэ мөнгө нь Конгод ХДХВ/ДОХ, сүрьеэ, хумхаа зэрэг халдварт өвчинтэй тэмцэх, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад зориулагдана. Харин Конго улс заасан хугацаанд дотоодын эрүүл мэндийн зардлаа 300 сая ам.доллараар нэмэгдүүлэх амлалт өгчээ.
Энэ нь АНУ-аас Африкийн орнуудтай байгуулсан 19 дэх хоёр талын дэлхийн эрүүл мэндийн түншлэлийн гэрээ юм. Сүүлийн үед АНУ-ын тусламжийн санхүүжилт буурснаас Африкийн олон орны эрүүл мэндийн тогтолцоо хүнд байдалд орсон байна. Дональд Трампын засаг захиргаа Америк нэгдүгээрт бодлогын хүрээнд эдгээр шинэ гэрээнүүдийг байгуулж байгаа бөгөөд Африкийн орнуудыг илүү бие даасан болгох зорилготой гэж мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч шинэ гэрээ нь өмнө нь “United States Agency for International Development” (USAID)-аас хэрэгжүүлж байсан эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг орлох юм.
Шинжээчдийн үзэж буйгаар, энэ шинэ хандлага нь АНУ бусад оронтой шууд, ашиг сонирхолд тулгуурласан хэлбэрээр харилцах бодлоготой нийцэж байна. Гэвч зарим болзолтой холбоотойгоор мэргэжилтнүүдийн дунд санаа зовнил үүсээд байна. “Africa Centres for Disease Control and Prevention” (Africa CDC) байгууллага зарим гэрээнд санхүүжилт авахын тулд тухайн улс орнууд хил дотроо дэгдэж болзошгүй вирусийн талаарх мэдээллийг АНУ-д хуваалцах шаардлага тавьж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлжээ. “Africa CDC”-ийн ерөнхий захирал Жан Касея вирусийн мэдээлэл болон эмгэг төрөгчийн дээж хуваалцах асуудалд ноцтой болгоомжлол байгааг хэлсэн байна.
Мөн Лхагва гаригт (2026.02.25) АНУ болон Зимбабве улсын хооронд байгуулах байсан эрүүл мэндийн санхүүжилтийн хэлэлцээ бүтэлгүйтсэн байна. Учир нь Зимбабве улс эмзэг мэдээлэл хуваалцах шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин АНУ, Конго улсын хооронд байгуулсан шинэ гэрээнд ийм шаардлага орсон эсэх нь тодорхойгүй байна.