Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 2 //. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон “Чингис хаан” үндэсний музей хамтран Европ, Азийн нэр хүндтэй музейд Монголын түүх, соёлыг сурталчилсан цуврал үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон ажлууд ийнхүү бодит ажил хэрэг болж, “Чингис хаан” үндэсний музей Итали улсын Ром хотын алдарт Боргезе галлерейд Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг дэлхийн урлагийн сонгодог бүтээлүүдтэй зэрэгцүүлэн анх удаа дэлгэсэн юм.
Уг үзэсгэлэнг сар гаруйн хугацаанд 40 мянга гаруй хүн үзэж сонирхжээ.
Үзэсгэлэнгийн үргэлжлэл болгон хоёрдугаар сарын 26-нд Италийн эртний нийслэл Турин хотноо “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг нээж, Европын үзэгчдэд дахин хүргэж байна. Энэ үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун Дорно дахины судлалаар дэлхийд тэргүүлэгч сургуулиудын нэг Наполи Дорно дахины их сургуулийн урилгаар “Занабазар: Тайгад нуугдсан бурхад” лекцийг танилцууллаа. Мөн тус сургуулийн Дорно дахины ард түмний музейтэй хамтран үзэсгэлэн зохион байгуулах, судлаач солилцох хөтөлбөр хэрэгжүүлэхээр харилцан тохиролцов.
Академич С.Чулуун Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон Сарьдаг хийдийн малтлага судалгааг долоон жилийн турш удирдаж, томоохон нээлт хийсэн судлаач юм. Түүний удирдсан судалгаагаар Сарьдаг хийд нь Занабазар өөрийн алдарт бурхдын бүтээлийг урласан газар болохыг нотолсон байна.
Наполи Их сургуулийн Дорно дахины судлалын салбар 1732 онд байгуулсан Европ тивийн дорно дахины судлалын ууган сургууль юм. Тус сургуульд Төв Ази, Хятад, Төвөд, Араб хэл судлалын хөтөлбөрийн хүрээнд монгол хэлийг тусгайлан заадаг. Мөн эзэнт гүрэн, Перс, Иль хант улсын түүхээр профессор Микеле Бернардини, монгол хэл, уран зохиолоор профессор Баярмаа Хаптагаева нарын нэр хүндтэй эрдэмтэд хичээл зааж буй аж.

