Израиль улс өнөө өглөө Ираны эсрэг урьдчилан сэргийлэх дайралт гэх арга хэмжээг авчээ. Тухайн үед Тегераны зүүн болон хойд хэсэгт гурван ч удаа дэлбэрэлт сонсогдсон байна.
Улмаар Израиль даяар онц байдал зарласныг тус улсын Батлан хамгаалахын сайд Израиль Кац мэдэгдэв. Орон нутгийн цагаар 08:15 цагийн орчимд Израиль даяар агаарын довтолгооноос сэргийлэх дуут дохио дуугарчээ. Урьдчилан сэргийлэх цохилт нь Израиль улсын эсрэг аливаа заналхийллийг арилгах зорилготой гэж Израиль Кац мэдэгдсэн байна.
Ираны төрийн мэдээллийн “IRINN” агентлаг өнөөдрийн цохилтыг албажуулан баталгаажуулсан байна. Агентлагийн хөтөлбөр 06:30 цагийн орчимд хэсэг зуур тасалдаад, улмаар эргэн орж иржээ. Ингэхдээ нийслэлийн зарим хэсэгт утаа суунаглаж, дэлбэрэлтийн чимээ сонсогдож байгааг үзүүлсэн байна.
Иранд өгсөн Израилийн цохилтыг АНУ зохион байгуулсан гэж эх сурвалжууд мэдээлэв. Тухайлбал, “CNN”, Израилийн “Ynet News” ингэж мэдээлжээ.
Түүнчлэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ч үүнийг баталж мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр цахим хуудсандаа найман минутын урттай бичлэг оруулсан байна. Тэрбээр АНУ Иранд томоохон байлдааны ажиллагаа эхлүүллээ гэж мэдэгджээ. Мөн “Бид хэлэлцээ хийх гэж олон удаа хичээсэн. Бид хичээсэн. Бид тэдний пуужин болон пуужингийн аж үйлдвэрүүдийг устгах болно. Газрын хөрснөөс бүрэн арчиж хаях болно. Иран улс цөмийн хөтөлбөрөө сэргээхийг оролдож, Европ дахь манай сайн найз нөхөд, холбоотнууд, гадаадад байрлаж буй манай цэргүүдийг заналхийлэх чадвартай, цаашлаад Америкийн эх газарт ч хүрч болзошгүй алсын тусгалт пуужингуудыг үргэлжлүүлэн хөгжүүлэхийг оролдсон. АНУ энэ ёс бус, хэт даврагч дарангуйллаас сэргийлэхийн тулд асар том ажиллагаа явуулж байна” гэжээ.
Одоогоор Израиль, Иран улсууд аль аль нь агаарын орон зайгаа хаагаад байна.
Эхний дэлбэрэлтээс хойш Исфахан, Куом, Караж, Керманшах хотуудад ч бас дэлбэрэлтийн чимээ сонсогджээ.