“Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг Италийн Турин хотод нээв

Итали улсын Турин хот дахь Дорно дахины урлагийн музейд Өндөр гэгээн Занабазарын “Занабазар: Тал нутгийн мэлмий” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-нд нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд тус хотын музейн сангийн ерөнхийлөгч ноён Массимо Броччио, Дорно дахины урлагийн музейн захирал Давиде Куадрио, “Чингис хаан” үндэсний музейн захирал, С.Чулуун нар оролцож үг хэлэв.

Үзэсгэлэнг нээж академич С.Чулуун хэлэхдээ, “Дорнын уудам тал нутагт мэндэлсэн Занабазарын бүтээл тэнгэрийн уул Альпийн энгэрт зочилж байна. Занабазар нь Монголын тал нутагт бүтээлээ туурвиж шашны дэг ёсыг өөрчилж, олон гайхамшигт сүм хийдийг байгуулж явсан Чингис хааны угсааны язгууртан. Түүний зохиосон Соёмбо үсэг өнөөдөр хүртэл Монгол Улсын төрийн бэлгэдэл хэвээр байна. Энэхүү бэлгэдлийг зохиосны 340 жилийн ой 2026 онд тохиож буй. Зөвхөн өөрөө уран бүтээл туурвиад зогсохгүй бүхэл бүтэн Занабазар дэг сургуулийг бий болгож бүтээлдээ нүүдэлчдийн ахуй амьдрал, тал нутгийн онцлог, байгаль эх дэлхий хүмүүний харилцааг бүтээлдээ тусгасан юм. Занабазарын бүтээлүүдийг хаанаас нь ч харсан нүүдэлчдийн ертөнц харагдана. Тиймээс бид үзэсгэлэнгээ Тал нутгийн мэлмий хэмээн нэрийдсэн” гэдгийг тодотгов.

Уг үзэсгэлэн сар гаруйн өмнө Ром хотын Боргезе галерейд гарсан юм. Тухайн музейн онцлогоос шалтгаалан консепт нь өөр өөр байдлаар тусгасан байна. Жишээ нь, Боргезе галерейд Барокко урлагийн нэрт төлөөлөгч уран барималч Жиан Лоренцо Бернинигийн бүтээлүүд бүхий Мариано Росси танхимд Занабазарын Ногоон Дарь эх, Өндөр гэгээн Занабазарын хөрөг хэмээх хоёр бүтээлийг дэлгэн үзүүлсэн. Энэ нь нэгэн ижил цаг үед Дорно болоод Өрнөдөд урлагийн шилдэг бүтээлүүдийг туурвин байсан агуу уран бүтээлчдийг өнөө цагт сор болсон бүтээлүүдээр нь нэгэн орон зайд уулзуулсан үйл явдал болсон юм. Мөн уран бүтээлүүдийн хоорондох ялгаатай болоод төстэй талыг олж судлах, арга барил, ур хийц, сэтгэлгээний онцлогийг харуулан бүтээлүүд болоод үзэгчдийн хооронд харилцан яриаг өрнүүлэх өвөрмөц орон зайг бүрдүүлсэн.

Энэ удаагийн хоёр бүтээлийг Өмнөд, Төв Ази болон Гималайн бүс нутгийн урлагийг танилцуулсан танхимд дэлгэв. Уг музейн цуглуулгад багтсан бусад бүтээл, ялангуяа Төвөдийн Дэнсатил хийдтэй холбоотой, Занабазарын уран бүтээлийн загвар хийц, дүр дүрслэлийг тодорхойлоход ихээхэн нөлөө үзүүлсэн эртний урлагийн дурсгалуудтай зэрэгцэн дэглэснээрээ онцлогтой гэж “Чингис хаан” үндэсний музей мэдээлэв. 

“Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг Италийн Турин хотод нээв

“Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг Италийн Турин хотод нээв

“Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг Италийн Турин хотод нээв

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн