Өмнөд Судан улсад хүчирхийлэл, харгислал нэмэгдсээр бүрэн хэмжээний дайн дэгдэхэд ойрхон болоод буйг НҮБ анхаарууллаа. НҮБ дахь Өмнөд Суданы Хүний эрхийн комиссын шинэ тайланд дурдсанаар дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох тус улсад аллага, бэлгийн хүчирхийлэл, дур мэдэн цагдан хорих, албадан нүүлгэн шилжүүлэх зэрэг явдал ноцтой түвшинд хүрээд байна.
Иймд Өмнөд Суданд бодит сайжруулалт хийгдтэл дипломат дарамт шахалт үзүүлэх, хориг арга хэмжээ авах, НҮБ-ын зэвсгийн хоригийг хэрэгжүүлэхийг бүс нутаг болон олон улсын эрх баригчдад хандан уриалжээ.
Тус улсын тэргүүн дэд ерөнхийлөгч Риек Мачарыг өнгөрсөн жил баривчилж, албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүнийг аллага, эх орноосоо урвасан, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргүүдээр буруутгаж байгаа юм. Энэ явдлын дараа Өмнөд Суданд олон жил ажиглагдаагүй улс төрийн тогтворгүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөн гарсан байна.
Цэргийн ажиллагаа эрчимжсэнээр энгийн иргэдийн суурьшил газрууд агаарын цохилтод өртөх зэрэг эрсдэл үүсч эхэлжээ. Үүний зэрэгцээ мөргөлдөөнийг дагалдаад бэлгийн хүчирхийлэл байнга гарах болсон байна. Сэтгүүлчид, идэвхтнүүд болон сөрөг хүчний зүтгэлтнүүд ч дарамт шахалтад орж, саатуулагдаж, дуугаа хориулан, хянуулах болсон.
Тус улсад 2018 онд энхийн хэлэлцээрээр амар тайван байдал тогтох хүртэлх таван жилийн мөргөлдөөнөөр 400 мянга орчим хүн амь үрэгдсэн гэж үздэг. Гэвч сүүлийн саруудад байдал дахин ширүүсэх болсон нь иргэний дайн эргэн ирэх вий гэсэн айдсыг төрүүлэх болжээ.